Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом” тэмцээний VII тойргийн сүүлийн хагасын барилдаанд “АПУ, Скайтел” багийнхан “Од” группийн бөх чүүдийг 14:11-ээр илүүрхэж, ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарав. Тэднээс улсын арслан Б.Орхонбаяр тав, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Э.Баасанжав нар тус бүр хоёр, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гурав, нийт 14 даваа авав. Тус багийнхан улсын харцага, Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад бэлтгэлээ базаадаг.
“Алсын жим” ХХК-ийн “Хамаг Монгол”ын хүчтэнүүд “Хэрэйд” ХХК-ийн “Хүлэгү” багийнхантай таарч, 20:5-аар ялж мөн шигшээд үлдлээ. Тус багаас улсын заан Б.БатӨлзий дөрөв давж, V тойргоос сэлгээнд суусан тул оронд нь барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар нэг, улсын харцага О.Наранбаатар тав, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул дөрөв, аймгийн арслан Ө.Батсуурь гурав давсан. Ө.Батсуурийг мөн V тойргоос сэлгээнд суухад орлож барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди өвдөг шороодож, аймгийн арслан Г.Цоггэрэл гурав давснаар нийт 20 даваатай болсон юм. Тэдний дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү ажиллажээ. Сонирхуулахад, сүүлийн үед гадаадын жуулчид Монголын үндэсний бөхийн барилдааныг сонирхож үздэг болсон. Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд БНСУ-аас манай улсад аялахаар ирсэн 34 настай Гван Ки Хён зодоглож, нэгийн даваанд улсын аварга О.Хангайд өвдөг шороодсон юм. Тэрбээр монгол бөхчүүдийн уран мэх, хүч чадал, дайчин, шийдэмгий барилдаанаар бахархаж, дэлхийн алдарт Netflix-ийн “Physical Asia” шоу нэвтрүүлгийг анх үзээд зорьж ирэхээр болсноо өгүүлсэн байна.