Киргизстан улсад эхэлсэн чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын шигшээ багийн тамирчид зодоглохоор Бишкек хотод хөл тавьсан. Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд эмэгтэйчүүдээс 55 кг-д зодоглосон О.Ариунзаяа БНСУ-ын тамирчин О Жон Бинтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Тэгвэл 57 кг-д тив, дэлхийн мөнгөн медальт Б.Хулан Энэтхэгийн тамирчин, Азийн аварга Манишаг 8:2-оор хожиж, хагас шигшээд Японы Сара Натамитэй хүч сорино. Түүний өрсөлдөгч нь тивийн тэмцээнээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн тус жинд зодоглодог шилдгүүдийн нэг юм. Тэгвэл 68 кг-д зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа дагах барилдаанд Казахстаны тамирчин, “Бээжин-2008” олимпын хүрэл, дэлхийн мөнгөн медальт, Азийн хошой аварга Елена Шалыгинатай хүрэл медалийн төлөө барилдах нь. Түүнчлэн 76 кг-д дэлхийн мөнгөн медальт Э.Даваанасан аваргын төлөө Казахстаны бөх, Азийн хүрэл медальт Гюльмарал Еркебаеватай зодоглохоор болжээ. Энэ удаа дэлхийн медальтнуудын өрсөлдөөн олны анхаарлыг ихэд татаж байгаа аж.
Г.Бат