Киргизстаны Бишкек хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч С.Сүхбаатарын удирдлагад оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд О.Ариунзаяа шагналын салхи хагалж, БНСУын тамирчин О Жин Бинийг ялж хүрэл медаль хүртэв. Түүний амжилтыг буухиалж 57 кг-д Б.Хулан аваргын төлөө БНХАУ-ын Хүн Кэшиньтэй хүч сорьсон ч оноогоор цэвэр ялагдаж үзүүрлэсэн юм. Тэгвэл 62 кг-д Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөөх барилдаанд Казакстаны Таньд Дубекийг илүүрхэж, шагналын тавцанд зогссон.
68 кг-д Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө “Бээжин-2008” олимпын хүрэл, дэлхийн хошой мөнгө, Азийн наадмын аварга, Казакстаны тамирчин Елена Шалыгинайг буулган авч, тивийн тэмцээний дэвжээнээс зургаа дахь медалиа гардаж байна. 76 кг-д Э.Даваанасан алтан медалийн төлөөэзэн орны тамирчин, дэлхийн хошой мөнгө, хүрэл медальт Айпери Мендел Кызиг үзэгчдийнх нь өмнө хожиж Азийн аваргаар тодорлоо. Түүнчлэн 59 кг-д Х.Болортуяа, 72 кг-д Э.Одгэрэл нар V байрт шалгарснаар манайхан тус бүр алт, мөнгө, гурван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлж, багийн дүнгээр БНХАУ, Японы тамирчдын ар II байрт жагсав. Энэ удаа ч гэсэн Бишкекийн дэвжээнд эрэгтэйчүүдийн барилдаан өрсөлдөөн ихтэй, ширүүхэн өрнөсөн. Гал гарсан барилдаанд манай тамирчдаас 57 кг-д Б.МөнхЭрдэнэ аваргын төлөө Ираны тамирчин Миланд Вализадетай хүч үзэж үзүүлэв. Түүний дараа дэвжээндзодоглосон Гавьяат тамирчин Т.Тулга жин өгсөж, 70 кг-д барилдсан. Тэрбээр финалд гурав дахь удаагаа шалгарч, үзүүр түрүү булаалдахаарЭнэтхэгийн тамирчин Абиманютай учраа таарав. Шийдвэрлэх мөчид өрсөлдөгч нь түүнийг тонгорох мэхээр хожиж, тивийн аваргаар анх удаа шалгарсан юм. 79 кг-д О.Сүлдхүү Узбекистаны тамирчин, “Парис-2024” олимпын аварга Разам Бикийг буулган авч хүрэл медаль зүүв. Тэрбээр өмнө тус тэмцээнд оролцохдоо 2023, 2025 онд III байрт шалгарч байсан юм.