Монголын боксын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Азийн хүрэл медальт, “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн (АШТ)-ий хошой аварга, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Намуун энэ спортоор хүүхэд байхаасаа хичээллэсэн. Түүнд амжилт авчирч, урам зориг төрүүлсэн жил 2015 он байв. Тэр жил өсвөр үеийнхний ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн нь хойшид олон улсын тэмцээнд өрсөлдөхөд ихэд нөлөөлсөн гэдэг. Түүнээс хойш хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-д оролцож, мөн хүрэл медаль хүртсэн нь шилдгүүдийн эгнээнд жагсаж, шигшээ багт хөл тавих эхлэл болжээ. Орхон аймгийн боксын дэвжээнээс тамирчны гараагаа эхлүүлж, улсын аваргаар долоон удаа тодорсон тэрбээр 2019 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль гардаж байв.
“Ханжоу-2022” Азийн наадамд эх орноо төлөөлж оролцохдоо боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд эхний тойрогт БНСУын Жин Хе Ёнтой таарч, “Жакарта-2018”-д шөвгийн 16-д хожигдсон даагаа нэхэн ялсан юм. Медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд дэлхийн мөнгө, хошой хүрэлтэй Казахстаны боксчин Карина Ибрагимоватай тулалдаж ялагдсан ч 2023, 2024 онд зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд хошой аваргаар шалгарч тулааны хорхойтнуудыг баярлуулсан.
Тэгвэл Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 10-д зохион байгуулсан сонирхогчийн боксын Азийн АШТ-д өрсөлдөж, шагналын тавцанд зогссон Монголын таван тамирчны нэг нь тэр байлаа. “Аса арена”-д эхэлсэн тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 60 кг-д тив, дэлхийн медальтнуудын тулаан ширүүхэн өрнөсөн. Тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Муштарийбону Иброхимжоноваг хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 4:1-ээр буулган авахад үзэгчид баярлаж, “Боксын дэвжээнд хэнтэй ч тулалдсан найдвар алддаггүй тамирчин даа” хэмээн урам хайрлан, бахархаж суугаа харагдсан.
Шилдгүүдийг ялахын тулд хурд, хүч, ухаан, ур чадвар их шаардах нь гарцаагүй. Түүнтэй энэ удаа таарсан тамирчдаас Энэтхэгийн боксчин Прия Гангас хамгийн амаргүй нь байв. Тэд хэн хэндээ шинэ танил байлаа. Хагас шигшээд М.Намууныг 5:0-ээр илүүрхсэн Прия Гангас аваргын төлөө БНАСАУ-ын тамирчин Вон Ун Гёныг 5:0-ээр ялж, Азийн аваргаар тодорсон юм.
ТИВИЙН ТЭМЦЭЭНД ТУЛАЛДСАН ЖИНГИЙНХЭЭ ӨРСӨЛДӨГЧДӨД АМАРГҮЙ УЧРАА БОЛОХОО ХАРУУЛАВ
Түүнээс “Тамирчны амьдралаар замнах хэцүү л гэдэг. Та ч гэсэн дардан замаар урагшлаагүй байх. Унаж, босох үед хамгийн их бодогддог зүйл тань юу вэ” гэхэд “Тамирчин байх бодсоноос ч амар зүйл биш. Унаж, босно, баярлах, гуниглах үетэй байнга тулгарна. Миний хувьд амжилт төдийлөн ахихгүй, медалийн бараа харалгүй нэг хэсэг явсан. Сүүлдээ аав, ээждээ тэмцээнд оролцохоор болсноо хэлэхээс ч халгадаг байв. Тэдэндээ “Би бэлтгэлээ хийж байгаа шүү” гэж худал хэлэх үе ч гарна. Манайхан мэдээ үзээд намайг мэдчихдэг сэн. Ээж холбогдож “Миний охин яаж байна. Хэцүү санагдаад уйлж сууна уу” гээд асуудаг юм. Манайхан надад сэтгэл зовниж буйгаа мэдэгдэхгүйг хичээдэг ч дуу, хоолойных нь өнгөнөөс мэдрэгддэг. Тамирчдын туулсан замыг би ч гэсэн туулж яваа. Амархан ирдэг амжилт гэж байхгүй шүү дээ” хэмээсэн. Мөн “Би буруу зүйл хийгээд байна уу. Миний явах зам энэ мөн үү” гэж өөрөөсөө асуусан удаа байдаг уу” гэсэн асуултад “Бий бий. Бэлтгэлээ сайтар базааж, жиндээ орсон хэрнээ л тэмцээнд азгүйтэж, ямар нэгэн тохиолдлоор хожигддог байлаа. Тэр үед “Одоо болих цаг болсон гэж үү. Амжилт гаргах үе минь энэ хүрээд дуусаж байгаа юм болов уу” гэж боддог байж билээ. Өөрийгөө голсон, буруутгасан бодол хүнийг улам доошлуулдаг шиг санагдсан. Олимп, дэлхийн медальтан болох зорилго минь намайг унаж босоход, эргэлзэж тээнэгэлзэхэд бокст буцаан авчирдаг байв. Одоо бол амжилт гаргах, үр дүнд заавал хүрэх ёстой гэсэн хүнд бодлоор өөрийгөө ачаалахаа больж, харин дуртай спортдоо зав гаргаад хөдөлмөрлөж байгаа цаг хугацаанаас аз жаргалыг мэдрэхийг хичээдэг болсон. Тамирчин хүн тэмцээнд тааруухан оролцож, амжилт гаргах, эсэхдээ эргэлзэх үе бишгүй. Сэтгэл тавгүй үедээ ээжтэйгээ ярилцаж тайвширдаг. Би өмнө нь “Түүнийг ялж, заавал түрүүлнэ” гэсэн хатуу зорилго өөртөө тавьдаг байсан. Тэгвэл одоо аварга болно гэхээс илүү үзэгчдэд өнгөрсөн жилүүдэд хэр хичээж суралцсанаа, багш нартаа бэлтгэл хэрхэн хийснээ харуулъя. Ялж, ялагдах нь хамаагүй сурсан, мэдсэн зүйлээ харуулж, харамсахгүйгээр тулалдъя гэж зорьдог” гэсэн юм. Тэрбээр үүнийгээ ч эх орондоо болсон тивийн тэмцээнд харуулав.
“Боксын дэвжээнд хоногшиж үлдсэн тулаан танд ч гэсэн байдаг биз. Тэр үе рүү тань буцааж авчирдаг дурсамжаар чинь аялъя” хэмээхэд “АНЭУ-ын Дубайд 2021 онд болсон Азийн АШТ-д Казахстаны тамирчинтай тулалдлаа. Түүний урагш давшдаг, замбараагүй тоглолт намайг маш их ядрааж, бухимдуулсан. Шүүгч түүнийг II үед торгож, ялалтыг надад өгсөн. Шийдвэрлэх тоглолтод би хожих нь тодорхой болоход гурван шүүгчийн хоёр нь тэнцүүлж, нэг нь түүнд ялалт өгөв. Тэгсэн тэнцүүлсэн хоёр шүүгчээс дахин санал авахад нөгөө талд ялалт өгчихлөө. Хожиж явсан тулаан сонин тохиолоор өөр тийш эргэж, өрсөлдөгчдөө 3:2- оор ялагдсан. Тухайн үед Азийн аварга болох боломжийг атгаад алдсандаа харамсдаг юм. Хичээсэн ч санаснаар болдоггүй зүйл гэж байдаг. Тэр тэмцээнд тийм л зүйл болсон. Ялагдал маань олон сар бодогдож, дахин босох шар төрүүлсэн. Түүнээс хойш алдаандаа дүгнэлт хийж, илүү хичээсэн дээ” гэж өгүүлэв.
БАГШИЙНХ НЬ УРАМ ХАЙРЛАСАН ҮГ БОКСООР ХИЧЭЭЛЛЭХ ИТГЭЛ ТӨРҮҮЛЖЭЭ
Б.Пүрэв-Очир багшийн удирдлагад боксоор хичээллэсэн охидоос тэрбээр өдгөө шилдгүүдийн эгнээнд багтдаг тамирчин болжээ. Орхон аймаг дахь “Эрдэнэт бокс” клубээс спортын гараагаа эхлүүлж, тууштай үргэлжлүүлэхэд багшийнх нь хичээл зүтгэл багагүй нөлөөлсөн байна. Тэрбээр боксын тэмцээнд аав, ээжээсээ зөвшөөрөл авч анх оролцохдоо ОХУ-ын туршлагатай тамирчинд хожигдсон аж. Тэгтэл багш нь “Чамаас авьяас харагдлаа. Шилдэг тамирчинтай тулалдсан гэхэд муугүй шүү. Болж байна” гэж урам хайрлажээ. Хэрэв багш нь урам зориг төрүүлээгүй бол ганц ялагдчихаад халширсандаа орхих байсан ч юм бил үү. Багш нь хүүхэд байхаас нь түүнд бүх зүйлийг эхнээс нь зөв заасан нь өнөөгийн амжилтад хөтөлжээ. Түүнийг шигшээ багт ирэхэд нь ч яг өмнөх шигээ нэг бүрчлэн тулж ажиллан, “Дэлхийн цом”-ын дэвжээнд тоглуулахаар авч гарсан юм. Дэлхийн боксын холбоо тус тэмцээнд түрүүлсэн тамирчны дасгалжуулагчийг мөн шагнасан. Багшийгаа шагнал гардахад шавь нь өөрөө медаль хүртсэнээс илүү баярлаж зогссон гэдэг.
Азийн наадам, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцсон түүнтэй тулалдсан тамирчдаас хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлсэн нь Серби улсын нэр дээр тоглодог ОХУ-ын Буриадын тамирчин Наталъя Борисовна Шадрина аж. Хэдийгээр түүний өрсөлдөгч ч гэлээ М.Намуун ур чадвараар нь бахархаж, шилдгүүдийн нэг болохыг нь хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тэрбээр “Парисын олимпод өрсөлдөж, 60 кг-д мөнгөн медаль хүртэхэд нь түүгээр их бахархсан. Буриадын Улаан-Үд хотод 2017 онд болсон тэмцээнд түүнтэй тоглохдоо урагш довтолдог арга барилтайг нь мэдсэн юм. Тухайн үед би хэнд ч бууж өгөхийг хүсдэггүй шартай байв. Тактик сайн мэдэхгүйгээсээ болж “Түүний довтолж тоглох ямар хамаатай юм. Би ч гэсэн адилхан үзэлцэнэ” гэж тулалдсан. Тэрбээр өөрөөсөө нэг их хүч зарцуулахгүйгээр хөнгөн тоглосоор намайг ялж билээ. Миний шаталт дээр ажиллаж, ялалт байгуулахад туршлагатайг нь мэдэрсэн” хэмээн дурссан юм.
ӨӨРИЙГӨӨ ТАНИХЫН ТУЛД ДОТООД ЕРТӨНЦ РҮҮГЭЭ ӨНГИЙСӨН НЬ
М.Намуунаас “Шигшээ багийнхан долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Ингэхэд өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав хэр гаргаж байна вэ” гэж асуухад “Тамирчид энгийн хүмүүс шиг өдөржин ажиллахгүй ч өдөрт гурван цаг сургуулилалт хийдгээ бодохоор чөлөөт цаг ихтэй ч юм шиг. Гэхдээ томоохон зүйл төлөвлөөд өөрийгөө хөгжүүлэхэд дутмаг. Бэлтгэл, сургалт, хамтарсан сургуулилалт, гадаад, дотоодын тэмцээнд оролцдог тул урт хугацааны ажил төлөвлөх боломжгүй байдаг. Сүүлийн үед хүнд бодлуудаас өөрийгөө чөлөөлдөг болсон. Миний хүсдэг үр дүн бол бэлтгэл хийдэг шигээ рингэнд ч гэсэн сайн тоглохыг зорьдог. Тамирчин хүнд спортын сэтгэл зүйчийн зөвлөгөө чухал болохыг ухаарсан. Боксын шигшээ багийнхантай сэтгэл зүйчид хамтарч ажилладаг. Хүмүүс сэтгэл зүйчдийг тамирчдыг өөртөө итгэлтэй болгож, зоригжуулах үүрэгтэй гэж боддог. Би ч гэсэн эхэндээ тийм л бодолтой байв. Гэтэл сэтгэл зүйн зөвлөгөө өөр болохыг уулзаад ярилцахдаа ойлгосон. Энэтхэг улсад 2023 онд болсон ДАШТ-д сэтгэл зүйчтэй анх удаа хамтарч ажиллахдаа олон зүйл анзаарсан юм. Би багаасаа аливаад үүрэг хариуцлагатай байхыг хичээж ирсэн. Ангийн багш, ангийн хамт олон, найз нөхөд, ойр дотны минь хүмүүс “Намуунаа л чадна, чи мэднэ, чамайг хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн итгэл хүлээлгэхэд даагаад л гардаг байв. Сэтгэл зүйчтэй анх уулзахдаа би яг тэр зангаараа хандсан. Тэр үед Б.Золзаяа эгч “Чиний бодож байгаа зорилго юу вэ” гэж асуухад “Тив, ДАШТ-ий финалд заавал шалгарна. Энэ бол миний гол зорилго” гээд хариулж байв. Тэрбээр Монголд 2024 онд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээн эхлэхийн өмнө надтай дахин уулзаж, зорилгын минь талаар асуухад “Би хэдэн тулаан хийж, ялж, ялагдах нь хамаагүй. Зүгээр л рингэнд гараад харамсахааргүй тогломоор байна” гэхэд толгой дохиод “Чи өмнөхөөсөө өөр болсон байна” гэсэн. Хүнд өөрийгөө таних, дотоод ертөнц рүүгээ өнгийж ярилцах цаг ирдэг юм билээ. Тийм уналт, босолтын дараа надад өөрийгөө таних үе иржээ гэж бодсон” хэмээн хариулснаар бидний уулзалт өндөрлөв.