Уухай нь шагайн харвааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд харваачдын хийморь, уухайн аялгуугаар дамжин уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлдэг онцгой урлаг билээ. Иймд мэргэжлийн багштай болсноор уухайн зөв дуудлага, аялгуу, өв уламжлалыг хадгалан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монголын үндэсний шагайн харвааны холбоо энэ оныг “Уухайтай жил” болгон зарласантай холбогдуулан анхны сургалтаа Монгол Улсын Консерваторын уртын дууны багш, Соёлын тэргүүний ажилтан Ц.Насанбатын удирдлагад албан ёсоор энэ сарын 18-нд эхлүүлэв. “Очир шагай” клубт болсон уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд тус холбооны ерөнхийлөгч Ш.Отгонбаяр оролцохдоо хамрагдаж буй оролцогчдод амжилт хүслээ. Эл сургалтыг монгол уламжлалт уухайн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэн сурталчлах зорилгоор цаашид тогтмол зохион байгуулах аж.