Гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Б. Сэр-Од АНУ-ын Бостон хотод болсон марафонд оролцлоо.
Дэлхийн долоон том марафоны нэг болох 130 дахь удаагийн уралдаанд шилдгүүдтэй хурд сорьж, хоёр цаг 16 минут 41 секундийн амжилтаар 54 дүгээр байрт оров. “Бостон2026”-д Монголын марафончдоос анх удаа элит гараанд уралдсан тэрбээр 40-44 насныхны ангилалд III байрт жагсжээ. Энэ удаа 137 орны 30 мянга гаруй (мэргэжлийн элит, сонирхогч, пара ангилал) гүйгч оролцсоны дунд АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси Клинтон, 1968 онд тус марафонд түрүүлсэн, өдгөө 79 настай сэтгүүлч Эмби Барфут, сансрын нисэгч Сунита Уильямс зэрэг олны танил хүмүүс ч байсан аж. Б.Сэр-Од зуны олимпын наадамд зургаан удаа (2004, 2008, 2012, 2016, 2020, 2024), хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 удаа тасралтгүй оролцож, Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн юм. Түүнтэй хамт тус марафонд уралдсан шилдгүүдээс Жон Корир сүүлийн 10 км-т тасарч, өрсөлдөгчгүйгээр ганцаараа гүйж, өнгөрсөн жилийн амжилтаа ахиулснаар дээд амжилтыг шинэчлэн хоёр цаг нэг минут 52 секундийн амжилтаар хошой аварга боллоо. Тэрбээр 2011 оны марафонд түрүүлсэн Жеффри Мутайн тогтоосон амжилт болох хоёр цаг гурван минут хоёр секундийг 70 секундээр эвдсэн аж.
Сонирхуулахад, өмнөд хөршийн Бээжин хотын Ижуан дүүрэгт хоёр дахь удаагаа болсон хагас марафонд 100 гаруй робот хүмүүстэй хамт уралдсан сонирхолтой үйл явдал болжээ. Аюулгүй байдлын үүднээс роботуудыг тусгай хэсгээр уралдуулахад “Monkey King” (Сармагчны хаан) багийн “Lightning” (Аянга) нэртэй робот 21.1 км замыг 50 минут 26 секундэд туулж, тамирчдын тогтоосон дэлхийн дээд амжилтаас хурдан гүйж, түрүүлсэн байна. Өнгөрсөн жил хамгийн хурдан робот хагас марафоныг хоёр цаг 40 минутад туулсан бол нэг жилийн дотор 50 минут болж, асар хурдтай болжээ. Гэхдээ зарим робот уралдааны замд гацан унаж, хадуурч бариандаа ороогүй аж.