Монголын их, дээд сургуулиудын дунд болдог сагсан бөмбөгийн оюутны лигийн тэмцээн Улаанбаатар хотод хагас жил үргэлжилж шилдгүүдээ тодруулав. Тус тоглолтод Б.Пүрэвдорж дасгалжуулагчтай, Н.Наранбаатар ахлагчтай Санхүү эдийн засгийн их сургуулийн шигшээ баг түрүүллээ. Аваргаар шалгарсан тэд Азийн их сургуулиудын оюутны аваргуудын лигт улсаа төлөөлж оролцох эрхтэй болсон. Энэ үеэр тивийн их, дээд сургуулиудын аваргуудын лиг (AUBL)-тэй хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж, талууд гэрээнд гарын үсэг зуржээ.
Эл үйл явдал нь оюутны сагсан бөмбөгийг олон улсын түвшинд хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тамирчдад шинэ боломж нээх, бүс нутгийн болон олон улсын тавцанд өрсөлдөх чухал алхам болсон байна. Түүнчлэн манай улс ирэх жилийн гуравдугаар сард тивийн их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авчээ.