Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолтод оролцсон багуудаас “SG apes”-ын тамирчид хүрэл медаль хүртэж, 75 сая төгрөг гардсан. Харин тэргүүн байрын төлөө “Хасын хүлгүүд” багийнхан “Сэлэнгэ бодонс”-ын тоглогчидтой өрсөлдөхөөр болсон. Аваргын төлөөх цуврал тоглолтод “Хасын хүлгүүд”-ийнхэн өрсөлдөгчөө илүүрхэж, финалд 89:70-аар хожин дээд лигийн аваргаар 10 дахь удаагаа тодров.
Ахлах дасгалжуулагч Э.Ариунболдын удирдлагад оролцсон тэд энэ удаа ч бас алтан медаль, 500 сая төгрөгийн эзэн боллоо. Дэд байрт шалгарсан “Сэлэнгэ бодонс” багийнхан мөнгөн медаль зүүж, 250 сая төгрөгөөр шагнуулсан. Тус лигт “Үнэ цэнтэй тоглогч”-оор тэргүүлэгч багийнхнаас А.Азбаяр тодорсон. Тэрбээр шигшээ цувралын таван тоглолтод 16 оноо, 7.8 самбар, 1.4 оновчтой дамжуулалт, 1.8 бөмбөг таслалт, 1.2 хаалт хийсэн статистикийг үзүүлжээ. Сонирхуулахад, шигшээ цувралын тав дахь тоглолтыг “Mxrningstar” хамтлагийн уран бүтээлч Б.Аззаяа, БНСУ-ын KBL-ын аварга, “Seoul samsung thunders” багийн тоглогч Х.Болдсүх нар сонирхож үзсэн байна.