Тажикистаны Душанбе хотод зохион байгуулсан жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Монголынүндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад оролцлоо. Эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ж.Анударь алтан медалийн төлөө Нидерланд улсын тамирчин Амбер Герселжийг ялж аварга боллоо. 52 кг-д М.Нандин-Эрдэнэ Узбекистаны Мухай Ахматоваг үндсэн цагт хожиж хүрэл медаль хүртэв. Тэдний амжилтыг буухиалж 57 кг-д Т.Ариунзаяа алтан медалийн төлөө ОХУ-ын Ольга Мухинатай таарч, мөнгөн медаль гардсан. Тэгвэл хоёр дахь өдрийн барилдаанд 63 кг-д Монголоос хоёр тамирчин тэргүүн байрын төлөө шалгарсан юм. Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Ганхайч нар эн тэнцүүхэн өрсөлдсөн ч энэ удаа Б.Ганхайч торгуулиар ялж, Душанбегийн дэвжээнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Манай улсын баг тус бүр хоёр алт, мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар одоогоор II байрт жагсаж байна. Сүүлийн өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдээс 78 кг-д О.Хүслэн, +78кг А.Адьяасүрэн, Д.Номинзул, эрэгтэйчүүдээс -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100кг Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.