Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны хүрээнд “Эрдэнэт марафон-2026” бүх нийтийн гүйлтийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Анх удаа нээлттэй хэлбэрээр мэргэжлийн болон сонирхогчдын 14 төрөл, найман зайн ангилалд болсон тус марафонд 1275 тамирчин бүртгүүлж, Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багаас Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Д.Гантулга, Ж.Олонбаяр, мөн хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлтийн улсын дээд амжилтыг таван удаа шинэчлэн тогтоосон О.Мөнхтүмэн тэргүүтэй тамирчид хурд сорьжээ. Энэ удаа эмэгтэйчүүдээс Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Мөнхзаяа, эрэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Д.Гантулга нар түрүүллээ. Тус аймагт улс, бүсийн чанартай 30 гаруй спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь эл уралдаан юм. Монголын хөнгөн атлетикийн холбооны улсын шүүгч хэргэмтэй найман хүн марафоныг шүүжээ.