Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дунд зохион байгуулсан “Улаанбаатар кап” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Зургаан сар үргэлжилж буй тус тэмцээнд ахлах насны ангиллын шилдэг 32 багийн хасагдах шатны тоглолт боллоо. Хасагдах шатны шилдэг наймд шалгарсан эхний баг нь Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн тоглогчид. Тэд шигшээ 32-т эхний тоглолтооБаянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийнхныг 94:68, шөвгийн 16-д Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” сургуулийн багийг 81:59-өөр хожсон юм. Хоёр дахь нь Сүхбаатар дүүргийн “Логарифм” сургууль. Тус багийнхан Баянзүрхийн 157 дугаар сургуулийн шигшээг 80:29, Чингэлтэйн 111 дүгээр сургуулийн тамирчдыг 67:64 харьцаагаар ялав. “Логарифм” сургуулийнхан шөвгийн наймд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийнхантай өрнүүлнэ.
Гурав дахь баг нь Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийнхан. Тэд Сонгинохайрханы 76 дугаар сургуулийнхныг 82:45, Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийнхныг 74:66-гаар буулган авснаар шөвгийн наймд Багануурын “Гүн Галуутай” сургуулийнхантай тоглох нь. Дөрөв дэх баг нь Багануурын “Гүн Галуутай” сургуулийнхан. Тус багийнхан “Шинэ Монгол” ахлах сургуулийнхныг 71:65, “Орхон Хасү” сургуулийнхныг 88:70-аар илүүрхэж, шөвгийн наймд, Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийнхантай өрсөлдөх аж. Тав дахь баг нь Сонгино хайрханы “Ирээдүй” цогцолбор сургуулийнхан. Тэд “Эрдмийн хөтөч” 58 дугаар сургуулийн багийг 78:69, 33 дугаар сургуулийнхныг 61:54-оор хожин, ялалт байгуулж, шөвгийн наймд Монгол Оросын хамтарсан III сургуулийнхантай таарна. Зургаа дахь баг нь Монгол Оросын хамтарсан III сургуулийнхан. Тэд Баянголын “Эрдмийн өргөө” сургуулийнхныг 78:63, 119 дүгээр сургуулийнхныг 76:71-ээр ялж, шөвгийн наймын тоглолтоо Сонгинохайрханы “Ирээдүй” цогцолбор сургуулийнхантай хийх юм. Долоо дахь баг нь Чингэлтэйн 50 дугаар сургуулийнхан. Тус багийнхан дүүргийнхээ 24 дүгээр сургуулийнхныг 84:53, Хан-Уулын 60 дугаар сургуулийнхныг 108:68-аар илүүрхэн шигшээ наймд Баянзүрхийн 48 дугаар сургуулийнхантай учраа таарна. Найм дахь баг нь Баянзүрх дүүргийн 48-р сургуулийнхан. Тэд эхлээд 142 дүгээр сургуулийн шигшээг 89:56, дараа нь Монгол Оросын хамтарсан III сургуулийнхныг 80:56-гаар буулган авч, шөвгийн наймд шалгарсан байна.