Македон улсын Скопье хотод зохион байгуулсан шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд “ABChess шатрын академи”-ийн дасгалжуулагч, их мастер С.Билгүүн оролцов. Тэрбээр тус цолыг хүртэх сүүлийн буюу гурав дахь болзлыг биелүүлж, гадаад чансаагаа 2550 оноонд хүргэснээр Монголоос төдийгүй Ази тивээс төрсөн анхны их мастер боллоо. Шатрын спортын бодлого бодолтын төрөлд хошой их мастер цолтноор тодорсон тэрбээр дэлхийн шилдгүүдийн эгнээнд ийн жагслаа. Зөвхөн бодлого бодолтын аваргууд л хөлөг дээр “тулалддаг” өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээнд тэрбээр нийт боломжит 90 онооноос 84-ийг авч, 2724 үзүүлэлтээр шагналт VI байрт шалгаран, ирэх наймдугаар сард зохион байгуулах ДАШТ-д өрсөлдөх нь. Түүнчлэн өмнө нь 2022, 2025 онд болсон шатрын бодлого бодолтын ДАШТ-д оюунаа сорихдоо шагналт IV байрт шалгарч байв. Ташрамд дуулгахад, Монголын шатрын холбоо болон Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дасгалжуулагч, улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Н.Энхнасангийн нэрэмжит охид, эмэгтэйчүүдийн шатрын бодлого бодолтын тэмцээнийг “Хос мастер” шатрын академид энэ сарын 16-нд зохион байгуулна. Энэ удаа тус тэмцээнийг нас харгалзахгүйгээр явуулахаараа онцлог тул (8-10, 11-12, 13-49, 50+, 65+ насныхны ангилалд) өрсөлдөх оролцогчид швейцар системээр долоон өрөг тоглох юм. Н.Энхнасан 2010 оноос эхлэн нэрэмжит тэмцээнээ хийж, энэ спортод эмэгтэйчүүдийн оролцоог нь нэмэгдүүлж, шилдэг тоглогчдыг төрүүлэхэд хувь нэмэр оруулсаар байна.