“Physical Asia” төслийн оролцогч, Япон улсын усанд сэлэлтийн тамирчин Кацүми Накамүра шагнал гардуулж байна.
Туялзуур сэлмийн эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн 14, эмэгтэйчүүдийн13, багийн төрлийн 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) болж өндөрлөлөө. Эл тэмцээний ганцаарчилсан төрөлд оролцсон тамирчдаас эрэгтэйчүүдийн ангилалд “Саруул фенсинг”-ээс У.Мөнххасар, эмэгтэйчүүдийнхэд “Дуэль” клубээс Д.Мэрси нар улсын аваргаар шалгарсан байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд нэгэн онцгой зочин уригдсан нь “Netflix”-ийн “Physical 100 Asia” төслийн оролцогч, Япон улсын усанд сэлэлтийн тамирчин Кацүми Накамүра байв. Багийн төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд “УБ фенсинг” клубийн II багийнхан алтан цом гардаж, “Дуэль” клубийнхэн (III баг) мөнгө, “Саруул фенсинг”-ийн тамирчид хүрэл медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн ангилалд эхний хоёрт “Дуэль” клубийн II, I багийнхан жагсаж, “УБ фенсинг”-ийн сэлэмчид III байр эзлэв.