Монголын хөнгөн атлетикийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хорооноос нийслэлд жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2026” олон улсын тэмцээнд 46 306 мянган хүн оролцож, 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьсон нь өмнөх жилийн 30 мянган хүн оролцсон түүхэн амжилтаас ч хол давав. Үүнээс таван км-ийн зайд 23 100 гаруй хүн гүйсэн нь хамгийн их оролцогчтой ачаалалтай төрөл байлаа. Манайхантай 43 улсын гүйгч уралдааны төрөл тус бүрд өрсөлдсөн нь марафоныг илүү сонирхолтой болгосон юм. Уг уралдаан бол жилийн өмнөөс төлөвлөж, хотын хэмжээнд зохион байгуулдаг томоохон арга хэмжээний нэг ч энэ удаа төсөөлөөгүй өргөн хүрээг хамарсан нь “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор болж, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос 2030 он хүртэл хүчинтэй байхаар олгосон “Олон улсын хэмжилтийн В ангиллын сертификат”-тай 21, 42 км-ийн замд явагдсанаараа онцлог байлаа. Энэ жилээс тус марафон нь дэлхийн жишигт нийцсэн томоохон тэмцээн болон өргөжиж буй тул ирэх онд үүнээс ч олон дотоод, гадаадын шинэ танил оролцох нь тодорхой болов. Олон улсын хэмжилтийн сертификат олгосон замаар гүйлтийг зохион байгуулж буй, эсэхийг Азийн хөнгөн атлетикийн холбооны зам хэмжигч Малайзын иргэн Миререси Соосэймани, мөн “Берлин марафон”, “Лондон марафон”, “Саппоро марафон” зэрэгт ашигладаг “Race Result UbidМАРАФОН-2026 “Улаанбаатар марафон-2026” иргэдийг эрүүл, эрч хүч, идэвхтэй амьдралд хөтөлсөн спортын баяр байлаа ium” брендийн цаг хэмжих төхөөрөмжийг стандартын дагуу ашиглаж буйг ХБНГУ-ын “Race result” компанийн техникийн дэмжлэг, борлуулалтын менежер Рубенс Колечко нар хянаж ажилласан. Марафонд оролцогчдын эл тоон үзүүлэлт найман настай балчраас 80 настай иргэд спортоор хичээллэхэд анхаарал хандуулж, стресс бухимдалгүй, эрүүл байх нь амьдралын бас нэгэн баяр, жаргал болсныг харууллаа. Тиймдээ ч авто машингүй өдөр Сүхбаатарын талбайд хуран цугласан олны нар нь гарч, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрэв. Гэр бүлээрээ нэг өдрийг тааваараа амран өнгөрүүлсэн нь улсын наадмын уур амьсгалыг өөрийн эрхгүй санагдуулж байв.
Бужигнасан олны дунд энэ жилийн марафон өмнөх жилүүдийнхээс зохион байгуулалт сайтай болж, өглөө эрт сэрүүнд эхэлснийг, үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд брэнд бүтээгдэхүүнээ сурталчлахын зэрэгцээ марафонд уралдсан мэргэжлийн тамирчин, сонирхон оролцогчдыг дэмжин ажиллаж, бараагаа үндсэн үнээр нь худалдаж буйг, мөн оролцогчид мэргэжлийн тамирчдад зам тавьж өгөх, гараанаас гарсан хүүхэд, залуус, ахмадууд уралдааны замд бэртэлгүй гүйж, барианд орсныг, км тус бүрд усны цэг ажиллаж, гүйгчдэд түгээн, сонин, сайт, телевизийн сэтгүүлчид уралдааны талбарт байрлаж, марафон хэрхэн өрнөж буй үйл явцыг шууд дамжуулан, гараанаас бариа хүртэлх тактикийн уралдаануудыг үзэгчдэд зөв ойлгуулж, тайлбарласан нь ихэд таалагдсаныг өөр хоорондоо ярилцаж байлаа.
Эрэгтэйчүүдээс 42 км-ийн зайд түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтоти
Марафоны холын зай болох 42 км-ийн эрэгтэйчүүдийн уралдаанд Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтоти хоёр цаг 17 минут 11 секундэд бариалж, гурав дахь удаагаа аваргаар шалгарсан юм. Тэрбээр өнгөрсөн жил тус зайд хоёр цаг 12 минутын амжилтаар түрүүлж байв. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн япон тамирчин Томита Наоки мөнгө, Монголын тамирчин, ОУХМ Д.Гантулга хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн төрөлд хөнгөн атлетикийн шигшээ багийнхнаас ОУХМ Б.Мөнхзаяа хоёр цаг 43 минут 15 секундийн амжилтаар алт, “Алдар” спорт хорооны Азийн аварга Г.Хишигсайхан мөнгө, ОУХМ Б.НоминЭрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Өнгөрсөн жил Г.Хишигсайхан хоёр цаг 43 минут 35 секундийн амжилтаар түрүүлэн гурав дахь түрүүгээ авсан билээ. Тэгвэл Б.Номин-Эрдэнэ хошой хүрэл медальтан болж буй.
Эмэгтэйчүүдээс 42 км-ийн зайд тэргүүлсэн хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа
21 км-ийн зайд 18-34 насныхны ангилалд эрэгтэйчүүдээс Японы тамирчин Ишикава Рюга (нэг цаг дөрвөн минут 40 секунд) тэргүүлж, түүний ард Хигучи Дайсуке шил дарж, Монголын тамирчдаас ОУХМ О.Нацагдорж III байр эзэлсэн. Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын тамирчин Чин Инг Инг, Монголоос ОУХМ Б.Сарангуа, ОУХМ Б.Мөнхтуяа нар эхний гурван байрт шалгарав.
10 км-ийн зайд эрэгтэйчүүдээс ОУХМ Д.Мягмарсүрэн I, М.Лхагвадорж II, Б.Ачбадрах III байрт оров. Эмэгтэйчүүдийнхэд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад бэлтгэл базаасан Увс аймгийн Тариалан сумын харьяат, ихэр тамирчны нэг болох ОУХМ Б.Мөнхзаяа түрүүлж, ОУХМ Н.Нандинцэцэг удаалан, Э.Хонгорзул хүрэл медаль гардлаа.
Тус марафон зарим гүйгчид зүгээр нэг уралдаан бус, шинэ эхлэл байсныг онцлох нь зүйтэй. Олны танил хүмүүс байгууллагаа, сурагч, оюутнууд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиа төлөөлөн хамт олноороо оролцож буй харагдсан. Тухайлбал, “Фантастик” продакшны жүжигчин Э.Одбаяр 21 кмийн зайд гүйж, 35-45 насныхны ангилалд түрүүлсэн. Тэрбээр уралдаанд оролцохын тулд нэг сар бэлтгэл хийн, өөрийгөө ялан дийлж, бусдад урам зориг өгөх зорилготой анх удаа хурд сорьжээ. Мөн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр гэр бүлийн гүйлтэд анх удаа оролцсон бол Монгол Улсын гарьд П.Сүхбат агсны зээ хүү, сагсан бөмбөгийн тамирчин, дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багт тоглодог Крам Келби мөн өөрийгөө сорих зорилгоор 42 км-ийн зайд гүйсэн. Түүнчлэн марафоны уур амьсгалыг хөгжилтэй болгож, амьдралдаа мартагдахааргүй дурсамж үлдээх зорилгоор оролцсон гүйгч цөөнгүй байлаа. Тэднээс ягаан тути (цэцэгт юбка) өмссөн Г.Анар, үндэснийхээ хувцсаар гоёсон Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Г.БатЭрдэнэ, мөн бөхийн зодог шуудагтай оролцсон Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, сумын заан А.Дашлхагва, БНСУ-аас ирж оролцсон гүйгч нар олны анхаарлыг ихэд татсан юм. Г.Анар 10 км-ийн зайд охидтойгоо хамт гүйхдээ хүмүүст инээд баясал бэлэглэх, марафоныг хэцүү тэмцээн бус, хөгжилтэй баярын нэг гэдгийг харуулахыг зорьжээ. Тэгвэл А.Дашлхагва үндэсний спортын давуу тал, Г.Бат-Эрдэнэ монгол өв соёл, үндэсний хувцасны загвар хийц хаана ч давтагдахгүй өвөрмөц онцлогтой болохыг гадаадын оролцогчдод сурталчлан таниулахаар оролцож буйгаа онцолсон юм.