Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулж буй спортын гимнастикийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад үндэсний шигшээ багийн тамирчид оролцож буй. Тэднээс олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Д.Энхтүвшин чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, харайлт, турникийн төрөлд финалын шатанд шалгарч, медалийн төлөө ур чадвараа сорихоор боллоо. Энэ нь Монголын спортын гимнастикийн түүхэнд тус тэмцээний дөрвөн хэрэглэлд аваргын төлөө анх удаа шалгарсан түүхэн амжилт юм. Тэрбээр Унгарын Зомбатли хотод 2024 онд болсон эл тэмцээний харайлтын төрөлд 14 083 оноо авснаар хүрэл медальтай эх орондоо ирж байв. Дэлхийн чансаанд дээгүүр байрт жагсдаг түүний хувьд тэр жил ОХУ-ыг зорьж, “Brics-2024” олон улсын наадамд бариултай морь, турникийн төрөлд тус бүр III байр эзэлсэн юм. Тэгвэл түүнтэй хамт оролцож буй Э.Өсөхбаяр чөлөөт хөдөлгөөн төрөлд хагас шигшээд өрсөлдөх нь. Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч А.Энхтулга дэнсэлж байна.