Вьетнамын Да Нанг хотод энэ сарын 31 хүртэл үргэлжлэх тивийн АШТ-д манай улсаас чөлөөт бөхийн 17, 23 хүртэлх насны тамирчид дөрвөн дасгалжуулагчийн удирдлагад, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, одоогоор таван медаль хүртээд байна. Тэднээс эрэгтэйчүүдийн төрөлд 57 кг-ын жинд Э.Лувсандагва, 70 кг-д А.Анх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж, багийнхаа шагналын салхийг хагалав. Эмэгтэйчүүдээс 65 кг-д Н.Нархажид, 72 кг-д Э.Одгэрэл мөнгө, 68 кг-д Б.Одзаяа хүрэл медаль зүүлээ.
Сонирхуулахад, Монголд ирэх сарын 4-нд насанд хүрэгчдийн ангилалд эхлэх дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний жин тус бүрд оролцох бөхчүүд мэдүүлгээ илгээсээр байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Киргиз улсаас “Парис-2024” олимпын наадмын хүрэл, дэлхийн хошой алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Жоламан Шаршенбеков, 65 кг-д Энэтхэгээс дэлхийн чансааг тэргүүлж буй 23 хүртэлх насныхны дэлхийн алт, хүрэл медальт, Азийн аварга Сүжээт Сүжээт, мөн тус жинд Ираны тамирчин дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй “Парис-2024” олимпын наадмын мөнгө, дэлхийн хошой аварга (2022, 2025 он), Азийн наадмын мөнгөн медальт Рахман Моса Амаузадхалили, 86 кг-д Болгараас “Парис-2024” олимпын аварга, Европын АШТ-ий алтан медальт Магомед Рамазанов, 92 кг-д Казакстанаас дэлхийн хошой хүрэл медальт (2022, 2023 он), Азийн гурван удаагийн аварга улсын тамирчин Азамат Даулетбеков хүч сорих нь.