Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийнхан гадаадын мэргэжлийн багт нэгдэн олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцож байна. Тэднээс гурван тамирчинд Тайландын “Roojay сycling” багийнхан санал тавьж, албан ёсоор гэрээ байгуулсан. Манай улсын дугуйчдын ур чадварыг үнэлсэн энэ шийдвэр нь тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж олгож буй юм. 2023 оноос хойш тус багт хүчин зүтгэсэн Б.Тэгшбаяр Щвейцарт 2016 онд зохион байгуулсан дугуйн тойрог замын (track) залуучуудын ДАШТ-д алтан медаль хүртэн аваргын цамц өмсөхийг хүсдэг байсан мөрөөдлөө Эгль хотод биелүүлсэн юм. Түүнчлэн ханан тойргийн дугуйн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2019 онд дэд байрт шалгарч, 2023 онд “Tour of Thailand” олон өдрийн уралдаанд нийлбэр дүнгээр аваргалж, “Tour of Bostonlig” уралдааны ганцаарчилсан гараатай 30 км-ийн зайд түрүүлсэн. Азийн нэр хүндтэй олон өдрийн уралдаануудад амжилттай оролцож, багийнхаа тэргүүлэх легионер тамирчдын нэг болов. Тэрбээр өмнө нь 2018 онд Тайванийн “RTS Racing”, 2019-2020 онд Украины “Ferei-CCN сycling”, 2021-2022 онд Монголын “Ferei Mongolia” багт уралдсан билээ. БНСУ-д энэ сарын 18-19-нд болсон “Grand prix Jizzakh 2026” олон өдрийн уралдаанд багийнхантайгаа хурд сорьсны дараа өмнөд хөршийн Хөх нуурын бүсэд ирэх сард эхлэх “Tour of magnificent Qinghai”, наймдугаар сард Хятад, Төвөдийн өндөр уулын бүсэд болдог олон өдрийн уралдаанд оролцох юм. Олон улсын дугуйн холбооноос энэ сард танилцуулсан шинэчилсэн чансаагаар тэрбээр дэлхийн мэргэжлийн дугуйчдаас 971 дүгээр байрт бичигдсэн бол тивдээ 28, улсдаа хоёрт жагсаж байна.
Тэгвэл М.Марал-Эрдэнэ “Roojay сycling” багт уралдахаар гэрээгээ сунгажээ. 2016 онд Азийн аваргаар тодорсон тэрбээр уулын болон засмал замын уралдаанд олон удаа амжилт гаргасан туршлагатай. Түүний хувьд олон улсын тэмцээнд оролцохдоо уралдааныг удирдах, багийн лидерүүдээ хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Өмнө нь Малайзын алдартай “Terengganu cycling”, Японы “Levante Fuji Shizuoka” зэрэг багт легионероор уралдсан тэрбээр 63.33 оноотойгоор дэлхийн чансааны 1274, Ази тивийн засмал замын мэргэжлийн тамирчдаас 110, улсдаа VI байрт эрэмбэлэгдэж байна.
Харин Х.Тэмүүлэн Монголын дугуйн спортын шинэ үеийн өсөх ирээдүйтэй тамирчдын нэг. Олон улсын уралдааны залуучуудын ангилалд цахиур хагалж буй тул тэрбээр тус багт нутгийнхаа хоёр ахтай мөр зэрэгцэн хурд сорьж байна. Саудын Арабын Аль-Кассим хотод өнгөрсөн хоёрдугаар сард болсон засмал замын дугуйн Азийн АШТ-д 23 хүртэлх насныхны ганцаарчилсан гараатай уралдаанд мөнгөн медаль хүртсэн юм. Ангилалдаа шилдэг залуу дугуйчдын эгнээнд багтсан тэрбээр тивдээ 22, олон улсын дугуйн холбооны цуврал уралдаанд оролцсон амжилтаараа улсдаа IV байрт бичигдэж буй. Тэдний харьяалагддаг Тайландын “Roojay сycling” багийнхан одоогоор тивийн багуудын чансааг 1218 оноотойгоор тэргүүлж байна.
C.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos Burpellet BH” багт уралдаж буй өндөр зэрэглэлтэймэргэжлийн тамирчин юм. Олон улсын уралдааны талбарт эх орныхоо нэрийг гаргаж буй тэрбээр өмнөд хөршид болсон “Ханжоу-2022” Азийн наадамд оролцож, бөөн гараатай уралдаанд хүрэл медаль хүртсэнээр Монголын дугуйн спортынхны 33 жилийн хүлээлтийг эцэслэсэн. Түүнээс гурванжилийндарааТайландад(2025 онд) зохион байгуулсан тивийн тэмцээний элит ангиллын бөөн гараатай уралдаанд хоёр дахь хүрэл медалиа гардсан юм. Улмаар Францыг 2024 онд зорьж, Парисын олимпын наадамд засмал замын дугуйн төрөлд эрх авч хурд сорьсон манай улсын анхны тамирчин болсон билээ. 2018-2023 онд “RTS”(Тайвань), “Ferei” (Украин) “Terengganu cycling” (Малайз) багт амжилттай уралдсан тэрбээр үндсэн хуваарийн дагуу Европын болон олон улсын өндөр зэрэглэлтэй уралдаанд оролцож байна.Тухайлбал, Торгоны замын болон Азийн цувралууд, “Tour of Qinghai Lake” (Хөх нуурын олон өдрийн уралдаан) тэмцээнд урилгаар болон үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор төлөвлөжээ. Түүний хувьд Азийн орнуудын уралдааны замыг сайн мэддэг тул тэмцээний гол легионер болох магадлалтай. Үүнээс гадна Испанийн нэг өдрийн уралдаан болох “Clбsica de Ordizia” болон “Clasica Castilla y Leon” зэрэг засмал замын уралдаанд багаа төлөөлөн гараанд гарах нь. Наймдугаар сард болох багийнхаа нэрэмжит хамгийн чухал тэмцээн “Vuelta a Burgos”-д хүч сорино. “Burgos Burpellet BH” багийнхан есдүгээр сард өрнөх дугуйн спортын гурван том уралдаанаас “Гранд Тур “La Vuelta”, “La Vuelta 2026”-д урилгаар оролцох аж. Элит дугуйчдаас тэрбээр дэлхийн чансааны 857, Азид 10, улсдаа тэргүүн байрт жагсаж буй. Мэргэжлийн дугуйчнаар Европт уралдсан эхний жилүүдэд дэлхийн чансааны шилдэг 1000 дотор, тэр дундаа тэргүүлэх 500 тамирчны босго руу ойртож бичигдэнэ гэдэг өндөр үзүүлэлт юм.
Э.Болор-Эрдэнэ мөн дээрх тамирчдын адил дотоод, гадаадын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа. БНХАУ-ын засмал замын дугуйн “Huansheng-Vonoa-Taishan sport team” мэргэжлийн багт легионероор 2025 онд гэрээ байгуулсан тэрбээр зун, намар болох олон улсын томоохон тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дотооддоо дуатлоны Азийн цомын аварга болж, виртуал дугуйн УАШТ-д хошой алтан медаль хүртсэн түүний хувьд өмнө нь 2016-2018 онд БНХАУ-ын “Ningxia Sports Lottery”, 2022-2024 онд Японы “Levante Fuji Shizuoka” багт легионероор уралдахдаа ур чадвараа ахиулан, туршлага хуримтлуулсан. Тэрбээр дэлхийн чансааны 1512, тивдээ 31, улсдаа VI байрт эрэмбэлэгддэг. Багийнхаа гишүүдийн хамтаар өмнөд хөршид цувралаар зохион байгуулдаг өндөр зэрэглэлийн олон өдрийн уралдаанд голлон хүч үзэхээс гадна Азийн дугуйн холбооны хөтөлбөрт багтсан засмал замын томоохон тэмцээнд ч уралдаж, оноо цуглуулах аж. Мөн дотооддоо жилийн бүр зун зохион байгуулдаг олон өдрийн уралдаанд аваргаа хамгаалахаар өрсөлдөх нь. Уулын дугуйн болон виртуал УАШТ-д оролцож, амжилтаа ахиулах нь лавтай.
Э.Билгүүнжаргал, А.Даваажаргал, Б.Наранхүү нар өдгөө БНХАУ-ын мэргэжлийн “Shenzhen kung cycling” багийн легионер. Тэднээс Э.Билгүүнжаргал өнгөрсөн жил уулын дугуйн насанд хүрэгчдийн УАШТ Төв аймгийн Хөшигийн хөндийд болоход эрэгтэйчүүдийн элит ангилалд тэргүүлж, оны шилдэг дугуйчин болсон. Манай улс “Парис-2024” олимпод эрх авахын тулд Дэлхийн дугуйн холбоонд бүртгэлтэй “Ferei Mongolia development” мэргэжлийн баг байгуулахад тэрбээр багтсанаар анхны тэмцээнээ “Tour of Thailand”-аар эхлүүлж байв. Дараа нь “Tour of Sharjak”, “Grand Vilo Alanya” цувралд оролцож, Тажикистаны Душанбе хотод 2022 онд болсон Азийн АШТ-д ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр нарын хамт 24 км-ийн багийн цуваа гараатай уралдаанд 17 орны шигшээтэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. Монголын дугуйчдын цахиур хагалсан эл түүхэн амжилт 1991 оны Азийн АШТээс хойш багийн төрөлд медаль хүртсэн анхны тохиолдол байлаа. Монголын олон өдрийн уралдаанд хамгийн бага цаг үзүүлсэн амжилтыг эзэмшдэг түүний хувьд багийнхантайгаа Хятадад болох засмал замын дугуйн лигийн цуврал “Bosten lake stage”, “Changbai mountain stage”-д өрсөлдөнө. Түүнчлэн “Tour of Hainan”, “Tour of Qinghai lake”, “Tour of Taihu lake” зэрэг олон өдрийн уралдаан, Гуанжоу, Чэндү хотод болох томоохон тэмцээнд оролцох юм.
Э.Билгүүнжаргал “Shenzhen kung cycling” багийн тамирчдаас авсан нийт онооны чансаагаар жагсаалтын дөрөвт бичигддэг. Тивдээ шилдэг 50, улсдаа ОУХМ С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, М.Марал-Эрдэнэ нарын ард жагсдаг. Монголын дугуйн үндэсний шигшээ багийнхан Азид Казахстан улсын дараа жагсаж байна.