Монголын волейболын холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-д 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн баг оролцсон. “Буянт-Ухаа” спорт цогцолборт зургаан өдөр өрнөсөн дээрх тэмцээний хагас шигшээд эрэгтэйчүүдээс “Wellcom”-ынхон “Сэлэнгэ энержи”-гийнхнийг 3:2, эмэгтэйчүүдээс “Ачит агро Энагурэ” багийнхан “Төв миг TSEMZ sports”-ын тоглогчдыг 3:1-ээр илүүрхэн аваргын төлөө өрсөлдөхөөр болсон. Хүрэл медалийн төлөөх тоглолтод эрэгтэйчүүдээс “Сэлэнгэ энержи” багийнхан “Төв миг волвес”-ынхныг 3:0, эмэгтэйчүүдээс “Golden ball lynx”-ынхан “Төв миг TSEMZ sports” багийг 3:0-ээр ялсан юм.
Энэ удаа эмэгтэйчүүдээс аваргын төлөө Б.Хэрлэн дасгалжуулагчтай, А.Пүрэвсүрэн ахлагчтай “Ачит агро Энагурэ” багийнхан дасгалжуулагч Р.Тамираагийн удирдлагад оролцсон “Wellcom”-ын тамирчдыг 3:0- ээр буулган авч түрүүллээ. Эрэгтэйчүүдээс Р.Тамираа дасгалжуулагчтай, Ц.Мөнх-Оргил ахлагчтай “Well¬com”-ынхон дасгалжуулагч Г.Төгөлдөрийн удирдлагад бэлтгэл базаасан А.Мөнхбаяр ахлагчтай “Завхан хилчин барсууд”-ыг 3:1-ээр ялж, улсын аварга баг болсон юм. Тус тэмцээнд “Шилдэг дасгалжуулагч”-аар ОУХМ Б.Хэрлэн, “Шилдэг холбон тоглогч”-оор А.Батжаргал, “Шилдэг хамгаалагч”-аар Ч.Халиун, “Шилдэг тэгш тоглогч”-оор Г.Энхсайхан шалгарчээ. Ташрамд дуулгахад, эрэгтэйчүүдийн шигшээ баг “Silk road su¬pernova volleyball international invitational” олон улсын тэмцээнд оролцохоор БНХАУ-ын Фэнчэн хотыг зорив. Манайхан хэсэгтээ Өмнөд хөрш, Австрали улсын шигшээтэй өрсөлдөнө. Эзэн орны баг Монголд наймдугаар сард болох Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манайхантай мөн нэг хэсэгт багтжээ. Тус тэмцээний дараа манай улсын тамирчид Вьетнамын шигшээтэй долоо хоног хамтарсан бэлтгэл хийх аж.