Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, Хонконгийн шигшээ баг оролцож, техник, тактик, ур чадвар, авьяасаа харууллаа. “Аса арена”-д таван өдрийн турш өрнөсөн тоглолтод аль улсын баг амжилтаа ахиулж, аваргын цом өргөх бол гэж үзэгчид сэтгэл догдолж, улсынхаа багийг дэмжиж үзсэн. Сүүлийн өдөр хагас шигшээ болон шигшээд шалгарсан багууд гал гартал тоглож, эн тэнцүүхэн өрсөлдөв. Нутгийнхаа талбайд тоглосон манайхан ч медалийн төлөө шалгарахаар чамгүй хичээв. Хагас шигшээ шатны эхний тоглолтод Японы багийнхан Монголын шигшээтэй хүндхэн тоглолт өрнүүлсний эцэст нь 3:2, БНСУын шигшээ БНХАУ-ын багийг 3:0-ээр хожиж алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Тэгвэл манайхан өмнөд хөршийн тамирчидтай хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон.
Аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын баг Японы тамирчдыг 3:1-ээр илүүрхэн, Зүүн Азийн аварга болж алтан цом, медалийн хамт гардав. Энэ удаа БНСУ-ын багаас Рамирес Ферраз Иссанайе шилдэг дасгалжуулагч, Шин Хо Жин үнэ цэнтэй (MVP) тоглогчоор тодорсон. Хүрэл медалийн төлөө манай тамирчид Хятадын шигшээг 3:1-ээр буулган авч, эх орондоо түүхэн амжилт байгуулснаар Монголын волейболын спортод нэгэн шинэ хуудас нээсэн юм. Б.Батсуурь медалийн төлөөх шийдвэрлэх тэмцээнд II ээлжийн дундаас талбайд гарч тоглосон ч нэг ч довтолгоо алдалгүй таван оноо авч, төгсгөлийг амжилттай хийсэн. Монгол Улсын шигшээгээс Ж.Энх-Эрдэнэ, Тайванийн багаас довтлогч Чун Йе Ли 15 оноогоор тэргүүлэв. Тэгвэл Тайванийн багийнхан Хонконгийн тоглогчдыг 3:0-ээр ялж V, Хонконгийн шигшээ Макаогийн тамирчдыг 3:1-ээр хожиж, VI байр эзлэн тэмцээнийг өндөрлүүллээ.