Улаанбаатар хотод болсон Олон улсын таеквондогийн 11 дэх удаагийнАзийн АШТ-д Монголын баг 32 орны 1283 тамирчинтай өрсөлдөж, ур чадвар, өндөр мэдрэмж, тэсвэр хатуужлын гайхамшгийг харууллаа. “Буянт-Ухаа” ордонд таван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манайхаас хот, дүүрэг, орон нутгаас шалгарсан тамирчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, мастер ангилалд тив, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн тулалдав. Орон нутгаас Завхан аймгийн “Цэцэн шонхор” клубийнхэн Гавьяат дасгалжуулагч С.Будхүүгийн удирдлагад оролцож, есөн алт, тус бүр 11 мөнгө, хүрэл нийт 31 медаль хүртжээ. Хөвгүүдээс Тосонцэнгэл сумын I сургуулийн сурагч Э.Энхбат 25, Г.Мөнх-Ирээдүй 45, охидоос Э.Номиндарь 38, Ц.Бадмаараг 35, Ц.Сүндэръяа 25 кг-ын жинд тулаан болон түль, багийн төрөлд түрүүлээ. Түүнчлэн Н.Мөнхжин 35 кг-д туль, П.Оюунбадрах 45, Э.Энхжин 50, А.Мөнх-Алдар 35, Г.Сарантуяа 40 кг-д тулааны төрөлд аваргынтөлөө өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн юм. Залуучуудын ангилалд Ө.Ядамсүрэн 58, Б.Даваасүрэн 76 кг-д туль, тулааны төрөлд дэд байрт шалгарав. Хүрэл медалийн төлөөх тулаанд Э.Золбоо 28, Г.Оюун-Эрдэнэ, Н.Дамдиндорж 30, М.Бөхбаатар 35 кг-д өрсөлдөгчдөө ялж, шагналын тавцанд зогслоо. Тэгвэл бие хамгаалах (хосен сүл) урлагийн төрөлд Д.Бямбадорж, А.Пүрэвбаатар нар хүрэл медаль гардсан юм. Тэмцээний үед тамирчдаадасгалжуулахын зэрэгцээ мастер ангилалд оролцсон С.Будхүү 62 кг-д дөрөн дангийн түль болон тулаан, багийн хатуу биет хугалах төрөлд тус бүр тэргүүлж, Азийн аваргаар тодров. Энэ удаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас есөн алба хаагч оролцож, тулаан, туль, багийн тулаан, туль төрөлд тус бүр 10 алт, мөнгө, таван хүрэл, нийт 25 медальтай өндөрлүүлжээ. Багийн дүнгээр БНАСАУын тамирчид тэргүүлсэн бол Монгол Улс II, хойд хөршийнхөн III байрт шалгарсан байна. Дээрх тэмцээний дараа Монголын таеквондогийн холбооны урилгаар БНСУ-ын Үндэсний спортын их сургуулийн захирал Мүн Вон Жэ тэргүүтэй төлөөлөгчидМонголд албан айлчлал хийхдээ хоёр орны спортын боловсрол, эрдэм шинжилгээ, судалгаа, тамирчдын хамтарсан бэлтгэлийн тогтолцоо, дасгалжуулагч, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн үндэсний шигшээ багийн сургуулилалтын төвийн үйл ажиллагаа, орчин нөхцөл, тамирчдын бэлтгэлийн явцтай танилцлаа.