Холимог тулааны өсвөр үеийнхний ДАШТ АНЭУын Абу Дабигийн “Мубадала арена”д ид өрнөж байна. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим тамирчинтай өрсөлдөхөөр Монголын 19 тулаанч тус хотод хөл тавьсан. Дөрвөн насны ангилалд зохион байгуулж буй эл тэмцээнд Олон улсын тэмцээнд оролцох эрх нь сэргэсэн ОХУын баг өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдөж буйгаараа онцлог.
Манайхаас хамгийн бага нас буюу D ангилалд “Десант бамбар” клубийн Т.Төгс-Оргил Мексикийн тамирчин Франсиско Моралес Гарсаг ялж, хэсгийн эхний ялалтаа авсан бол А.Чингүн (“Эрхэс” жиү жицү академи) Английн Берри Ленноныг буулган авч, хоёр дахь ялалтаа байгуулав. C ангилалд өрсөлдөж буй А.Нямдэлгэр (“Эрдэнэт MMA”) Энэтхэгийн Имтияз Ишакийг, Т.Ивээл (“Десант бамбар” клуб) Арменийн тулаанч Назаретян Марксыг шүүгчдийн нэгдсэн саналаар хожиж, мөн хэсгийн хоёр дахь ялалтаа авчээ. Тус тэмцээнийг манайхаас олон улсын шүүгч Ж.Лхагвабат дэнсэлж байна.