Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин М.Энхжаргалыг дотоод, гадаадын тэмцээнд оролцож эхэлсэн цагаас нь спорт сонирхогчид мэддэг болсон. Тэрбээр Узбекистаны Ташкент хотод 2022 онд зохион байгуулсан Азийн АШТ-д түрүүлснийхээ дараа жил багийнхантайгаа Энэтхэг улсыг зорьж, сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэй чүүдийн ДАШТ-д өрсөлдсөн юм. Шинэ Дели хотын рингэнд дэлхийн шилдгүүдтэй тулалдаж, шагналын тавцанд зогссон Монголын хоёр тамирчны нэг нь тэр байв. Цэргийн, спортын амьдралын аль алийг нь цаг хугацаатай уралдан амжуулж яваа мөрдөстэй бүсгүй эх орондоо хоёр дахь хүрэл медалийг авчран элэг нэгтнүүдээ огшоосон бахархам амжилт Монголын боксын спортод нэгэн шинэ хуудас нээсэн билээ.
ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОДОГ ОХИН БОКСТОЙ НӨХӨРЛӨВ
Тэрбээр хөл бөмбөгийн бэлтгэл хийх бүрдээ “Алдар” спорт хорооны заалны баруун буланд өлгөөтэй мишокийг харж, хааяа цохиж үзэхээр гоё санагддаг байжээ. Хөл бөмбөгийн баг тарсны дараа ямар нэг спортоор хичээллэх бодол төрж, тус хорооны бэлтгэлийн заалаар шагайхад боксын тамирчид бэлтгэл хийж таарав. Бүртгүүлэхээр зогсож байхад нь шигшээ багийн дасгалжуулагч А.Гантулга “Чи ийм жижигхэн биетэй байж бокс яаж тоглох юм, чадахгүй ээ. Эмэгтэй хүүхдэд энэ спорт хэцүү, шантраад л хаяна” гэхэд шар нь хөдөлж, хичээллэх хүсэл юу юунаас илүү төрсөн аж. Боксын бэлтгэл долоо хоног хийгээд л халширч, хэд хоног очилгүй “гүрийхэд” багш нь утасдаж “Чи яачихав аа, хурдан ирж бэлтгэлээ хийгээч” гэж зэмлэжээ. Түүнээс хойш тууштай хичээллэн “Шижир алт” залуучуудын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж урам авав. Түүнийг тамирчин болоход аав, ээж нь дэмжиж, эгч, дүү нар нь гэрийн ажлаас чөлөөлдөг болжээ. Гэрийнхэн нь тэмцээнтэй өдөр түүнээс илүү догдолж, тааруухан тогловол “Чи түүнтэй тэгж тоглох байлаа, маргааш алдаагаа давтаж болохгүй, эсвэл өрсөлдөгчөө тэгэхэд нь ингэж цохихгүй яасан юм. Дараа заавал ялаарай” гэх зэргээр шүүмжилж, зөвлөдөг байна. Охиноо рингэнд тулалдахаар гарахад аав, ээж нь цамцных нь захыг үрчийтэл мушгидаг болохоор цаашлуулж “Төлбөрийн чадвартай нь миний цамцны захыг мушгиарай. Хэрвээ урагдсан байвал шинийг авхуулна шүү” гэж хошигнодог аж. Баянзүрх дүүргийн Шар хад дахь 79 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч байхдаа Тайванийн Тайпай хотод 2015 онд болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс хүрэл медальтай ирж, багш нараа баярлуулсан гурван охины нэг нь тэр байв. Сургуулиа төгсөөд цэргийн байгууллагад ажиллана гэж мөрөөддөг байсан хүслээ тэрбээр биелүүлж, Зэвсэгт хүчний 065 дугаар ангид планшечээр (агаарын байдлыг цаг тухайд нь газрын зураг дээр буулгаж тэмдэглэдэг) ажиллах болсон билээ.
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ТУЛАЛДАХ ЗОРИЛГО ТАВЬСАН НЬ
2022 он түүний хувьд өөрийгөө хөгжүүлж, өрсөлдөгчдөө судлан, ур чадвараа ахиулсан жил байв. Тэр жил Узбекистаны Ташкент хотод хөл тавьж, Азийн аваргаар тодрон ДАШТ-д өрсөлдөх боломж буйгаа үзэгчдэд амжилтаараа батлан харуулсан. Тэндээс ирсэн даруйдаа ДАШТ-д оролцох томоохон зорилго тавьж, багштайгаа зөвлөлдөн бэлтгэл сургуулилалтаа чамбайруулжээ. Үүнээс нэг жилийн дараа тэрбээр дэлхийн дэвжээнд төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхээр Энэтхэгийг зорьсон юм. Боксын 54 кг-ын жинд 41 тамирчин тоглосон. Тэдэнтэй тэмцээн өндөрлөтөл хүндхэн тулаан өрнүүлж, ард нь гарах түүнд амар байгаагүй. Тамирчид Шинэ Делид хөл тавьсан өдрөө утсаа хураалгасан тул өрсөлдөгчдөө судлах ямар ч боломж гараагүй юм. Тэр ч гэсэн маргааш нь хэнтэй тулалдахаа сайн мэдэхгүй дэвжээнд гарав. Эхний тоглолтдоо Вьетнамын тамирчин Ти Ким Аныг 5:0-ээр хожин дараагийн тулаанд Марокко улсын Видад Берталтай таарсан. Тэдний хэн ялсан нь шигшээ 16-д шалгарах байв. Видад Бертал түүнээс хүч, бяраар илүү. Түүнийг ялахын тулд толгойгоо ажиллуулан, боловсруулсан тактикийнхаа дагуу тулалдсан юм. Багш нь тоглолтын дундуур “Миний охин ядрахгүй шүү, тэвчээртэй бай. Ялахын тулд бүхнээ гаргаж тулалд” гэж зөвлөсөн аж. Ямар ч орон ДАШТ-д шилдгүүдээ сойдог. Бразилын тамирчин Татиана Чагас түүний жинд хамгийн хүчирхэг өрсөлдөгчдийн нэг. Тэдний хийх тоглолт үзэгчдийн анхаарлыг татаж, гал гарсан тулаанд хэн нь медалийн төлөө шалгарах талаар ам булаалдан таамаг дэвшүүлж суусан гэдэг. М.Энхжаргал тоглолтын эхний үед шүүгчдээс тааруухан үнэлгээ авсан ч дараагийнхад нь бүхнээ шавхан тулалдаж 4:1-ээр илүүрхэн өрсөлдөгчөө медалиас мулталж, ганзага хоосон буцаасан. Хүч тэнцвэргүй хүнд тулаан түүний амжилт, карьер, хувь заяаг шийдэх болохоор их хичээсэн. Тиймээс шүүгчдэд тэвчээр гаргаж, ядаргаагүйгээ харуулах тактиктай тулалдаж, III үед цохилтынхоо тоог ахиулан өөрийгөө илүү гэдгээ харуулахыг зорьж байлаа. Бусад орны дасгалжуулагчид Монголын тамирчдын тулааныг судлахын тулд дэвжээ тойрч зогсоод тэмцээн өндөрлөсний дараа бэлтгэлийн заал руу явдаг байсан гэдэг.
ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛЖ, МЕДАЛИЙН ТАВЦАНД ЗОГСЖЭЭ
“...Хүрэл медалийн төлөөх тулаан таныг дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтах, эсэхийг олон талаар сорих шиг санагдсан. Тухайн үед италичууд Савчук Оленаг тасралтгүй дэмжиж, зоригжуулж байгаа харагдсан шүү” гэхэд “Шигшээд үлдэх, эсэхийг олон талаар сорьж шалгасан нь тамирчдын хувьд маш хүнд байв. Медалийн төлөөх тоглолтын өмнөх өдөр хэрхэн тулалдах бол гэж их сандардаг юм билээ. Тиймээс сэтгэл зүйчийн зөвлөсөн бүхнийг нэг бүрчлэн анхааралтай сонссон. Өглөө боссон даруйдаа сэтгэл зүйгээ бэлдэж, аль болох тайван байхыг хичээж байв. Тоглолтын үе бүрд тактикийн дагуу тулалдан, өрсөлдөгчөө ядрааж цуцаасан. Тулаанд хүчтэй мөргөлдөж, толгой өвдөж байсан ч энэ бол медалийн төлөөх хамгийн чухал тоглолт шүү гэж өөртөө хэлээд үргэлжлүүлсэн. Савчук Оленад ялах боломж олгохгүй довтолсоор 5:0-ээр хожиж, хүрэл медалийн болзол хангачхаад их баярласан. Тэр үед догдолсондоо болоод толгой хагарч, цус гарсныг ч анзаараагүй” хэмээсэн юм.
Тэр тулааны дараа түүнд одоо хэнтэй ч тулалдсан ялж, медалийнхаа өнгийг хувиргана гэх итгэл, найдвар төрсөн аж. Тиймээс хоёр ч тулаан хүлээж байгааг өөртөө үргэлж сануулж байв. Эх орондоо медальтай ирэх зорилгоо тэрбээр Шинэ Делигийн дэвжээнд биелүүлсэн юм. Тамирчин хүний амжилт зөвхөн өөрийнх байдаггүй. Түүний ард итгэж тусалдаг олон хүний дэм бий. Тэднийхээ ачийг амжилтаараа хариулна гэх бодол түүнийг ялагдах эрхгүй хөглөж, урагшлуулсан гэж боддог. Дэвжээнд гарах бүрд эх орон, багш нарын минь хичээл зүтгэл, найдвартай ар тал болж ирсэн гэрийнхэн минь нүдэнд харагддаг байсан гэж тэрбээр ярилцах зуураа дурссан.
Бидний яриа цааш үргэлжилж “...Мөнгөн медалийн төлөөх тоглолтыг монголчууд амьсгаа дарж, аварга болчихоосой гэж ерөөж үзсэн. Колумбийн Ариас Кастанеда Йени Марселатай эцсээ хүртэл тулалдсан нь дэлхийн үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө тэвчээртэй уясан гэдэгт эргэлздэггүй” хэмээхэд “...Мөнгөн медалийн төлөөх тоглолтын өмнө миний нойр хүрээгүй. Сэтгэл тогтворгүй байсан тул сэтгэл зүйчтэйгээ сайтар ярилцаад тайвширч амарсан. Тэр өдөр “Би энэ бүхнийг яах гэж эхлүүлсэн билээ. Одоо л амжилт гаргахгүй бол хэзээ гаргах юм. Энэ өдрийг маш удаан хүлээсэн. Тиймээс зоригтой тулалдаж ялна” гэж өөрийгөө хурцалсан. Тэр тулаанд надаас олон эгч, туршлагаар илүү өрсөлдөгчдөө би бууж өгөхийг хүсээгүй. Түүний алдар нэртэй нь бус, амжилттай нь тулалдах үүрэг хариуцлага ирсэн тул бүхнээ шавхаж, эцсээ хүртэл тулалдсан. Өөрийгөө хожчихлоо гээд бодтол харамсалтай нь шүүгчдийн саналаар түүнд ялагдсан юм. Хэдийгээр хожигдсон ч түүнээс суралцсан зүйл надад их байлаа. Монголчууд тэр тоглолтыг үзэхдээ дэвжээнд надтай хамт сэтгэлээрээ тулалдсан байх гэж боддог” гэж хариулсан юм.
Тэрбээр тэмцээний үед тоглолтдоо анхаарал хандуулаад аав, ээжтэйгээ холбогдож амжаагүй аж. Ах, дүүс нь түүнтэй холбогдохыг хичээж, тоглолт бүрийн дараа урам хайрласан мессеж бичсэнийг сүүлд нь харжээ. Тэрбээр эх орондоо ирэхдээ баярын нулимстай угтаж, үнссэн гэрийнхнийхээ харцнаас догдлон баярлаж, бас эмээн шаналж үзсэнийг ойлгосон гэдэг. Боксын ДАШТ-ий үед сэтгэл зүйч Б.Золзаяа тамирчдаа сайтар ажиглаж, цаг тутамд зөвлөсний ачаар хүнд тулаануудын ард амжилттай гарсан юм. Тамирчид ч тулааны үед сэтгэл зүйн зөвлөгөө маш чухал болохыг тэр үед илүү ойлгожээ.
“ПАРИС-2024” ОЛИМПЫН ДЭВЖЭЭНД ТУЛАЛДАХ ЭРХ ГАРДАВ
Энэтхэгт болсон ДАШТ-ээс эх орондоо хү рэл медальтай ирсэн түүнд Парисын олимпын дэвжээнд гарах хүсэл төрсөөр л байв. Гэхдээ бодож, санаснаар амархан биелчих зүйл биш. Тэрбээр 2024 онд УАШТ-ий финалд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Л.Алтанцэцэгтэй хүндхэн тулаан өрнүүлж, дотоодын сорилго тэмцээнд “Дэлхийн цом”-ын аваргаар шалгарсан Э.Ми чидмааг туршлагаар илүүрхэн ялж байлаа. Тэр жилийн тавдугаар сарын сүүлчээр Тайландын Бангкок хотод “Парис-2024” олимпын боксын төрөлд эрх олгох сүүлийн тэмцээн зохион байгуулсан. Тус тэмцээний найм дахь өдөр эмэгтэйчүүдээс М.Энхжаргал Японы Микото Харада, Канадын Скарлетт Делгадо, Венесуэлийн 10 удаагийн аварга Йохана Гомезыг буулган авч Парист хөл тавих тийз анх удаа өвөртөлснөөр олимпын дэвжээнд тулалдах Монголын гурав дахь эмэгтэй боксчин болсон юм. Парисын олимпын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жингийн эхний шатны (шөвгийн 32) тоглолт долоодугаар сарын 27-нд эхлэхэд тэрбээр Италийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Сирин Чараабиг, шигшээ 16-д Румын улсын Ленута Лакрамиоараг 5:0-ээр хожиж, шигшээ найм буюу хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд Туркийн тамирчин, дэлхийн аварга Хатиче Акбаштай тулалдаж, 5:0 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлснээр шагналт V байрт орсон билээ. Тэрбээр энэ тухайгаа “Тамирчин байх сайхан. Миний хувьд ДАШТ, олимпын наадамд оролцон энэ спортоор хичээллэдэг охидод урам өгч, хичээвэл зорьсондоо хүрдгийг ойлгуулсан гэж боддог. Өнгөрсөн жилүүдэд амаргүй санагдсан бүхэн намайг хурцалж, хатуужил тэвчээрээс суралцах сэтгэлийн хаттай болгосон. Унаж боссон өдрүүд ухаан хайрлаж, тууштай хичээллэсэн зүтгэл минь амжилтаас атгуулсан юм шүү. Тамирчин хүний хувьд эх орондоо өөрийн чаддаг зүйлээрээ хувь нэмэр харамгүй оруулахыг хүсдэг юм. Энэ бодол минь намайг хүчтэй болгодог“ хэмээн өгүүлсэн юм.