Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод тав дахь өдрөө үргэлжилж буй дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд Монголын тамирчид амжилт гаргасаар байна. Үндэсний бөхийн барилдааны тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Д.Анарын амжилтыг буухиалж, Алыш буюу бүстэй бөхийн чөлөөт (фрийстайл) төрөлд өрсөлдсөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Н.Амгаланбаатар эхний тойрогт Бенин, дараагийнхад Недерланд, шөвгийн наймд Беларусын тамирчныг илүүрхсэн ч хагас шигшээд эзэн орны бөхөд ялагдаж хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн +100 кг-ын жинд өрсөлдсөн, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, аймгийн арслан М.Баасанжав Азербайжан, Беларусын тамирчныг ялж, хагас шигшээд Молдавын бөхөд хожигдон хүрэл медаль гардав. Тэгвэл 80 кг-д хүч сорьсон “Хилчин” спорт хорооны Х.Хатанболд Беларус, Азербайжан, шөвгийн наймд Молдавын тамирчныг буулган авч, хагас шигшээд Туркменистан өрсөлдөгчдөө ялагдсанаар III байрт шалгарчээ.