Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргалыг хүүхэд байхад нагац ах нь чөлөөт бөхөөр хичээллэхийг зөвлөснөөр энэ спортод хөл тавьсан түүхтэй. Түүний эх орноо төлөөлж хилийн дээс алхсан хоёр дахь орон нь Норвег. Тэрбээр Осло хотод 2021 онд зохион байгуулсан насанд хүрэгчдийн ДАШТ-ий хөнгөн жинд 20 настайдаа хүрэл медаль зүүсэн Монголын анхны тамирчин. Дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа дэлхийн дэвжээг чимж, олны анхаарлыг татсан бахдам амжилт мөн түүнийх. Жингийнхээ бөхчүүдэд шинэ танил ч хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж, шагналын тавцанд зогссон баярт мөч уйгагүй хичээсэн хөдөлмөрийнх нь үр дүн байлаа. Бөхийн хорхойтнуудын хэзээ нэгэн өдөр хөнгөн жинд хэний охин медальтай ирэх бол гэж битүүхэн хардаг байсан хүлээлтийг тэр тайлж чадсан юм. Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багшийн ДАШТ-үүдээс медаль өвөртөлж, ганзага дүүрэн ирсэн 11 дэх шавь нь хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн, зорилго, тэмүүллийнхээ оосроос ийн атгаж, элэг нэгтнүүдээ огшоосон. “Загреб 2018” өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгө, Азийн аварга түүнийг Серби улсад 2022 онд болсон ДАШТээс мөнгөн медаль гардаж, тэр жилээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртэв. Түүнд Белградын дэвжээ ээлээ харамгүй хайрласан. Тэрбээр тус хотыг 2023 онд дахин зорьж, насанд хүрэгчдийн 18 дахь удаагийн ДАШТ-д удаалан хошой мөнгөн медалийн эзэн болсон юм.
ДҮҮГИЙНХ НЬ ХЭЛСЭН ҮГ БӨХИЙН ТАЛБАРТ БУЦААН АВЧИРЧЭЭ
Спортод хөл тавиад амжилтынхаа төлөө зүтгэж буй залуус олон бий. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс Д.Отгонжаргал аливаа зүйлийг эхлүүлсэн бол эцсийн үр дүнг нь заавал үздэг дайчин зантай. Тэрбээр шантарсан ч даваад гардаг сэтгэлийн хаттай. Зориг, зорилготой байхад мөрөөдөлдөө хүрдгийг шийдэмгий барилдаануудаараа харуулсан түүнд хүнд санагдаж халширсан өдөр, больё гэж эргэж буцсан хоногууд бишгүй байв. “Женко” клубийн тамирчид “Буянт-Ухаа” спорт цогцолборт бэлтгэл хийдэг байхад түүний гэр хол тул автобусанд түгжирч явсаар бэлтгэлийн цагаасаа хааяа хоцорно. Багш нар нь мэддэг болохоор учиргүй зэмлэдэггүй байж. Өвлийн хүйтэнд унаа ирэхгүй бол даараад л алхана. Тамирчин хүн олон саадтай тулгардаг. Тэр дундаас бэртэж, гэмтэх л хамгийн хэцүү. Өвдгөндөө бэртэл авч алхахаар шархирч өвдөөд, бэлтгэлээ хийхээр дуугараад их хэцүү байсан тул маш их шантарчээ. Дуртай спортдоо үлдэхийн тулд уйлахдаа уйлж, инээхдээ инээж тамирчдын туулсан амаргүй замыг бас тэрбээр туулсан юм. Эмээ нь түүний сэтгэл санаа хүндхэн байгааг хараад “Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэх хэцүү. Миний охин боливол яасан юм бэ” гэхэд барилддаг байсан дүү нь “Эгч ээ, та долоон жил хичээллээд одоо больж болохгүй. Эцсийн үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй” хэмээн уйлсан гэдэг. Дүү нь тамирчин байсан болохоор эгчийгээ бусдаас илүү ойлгоно. Түүнийг дүүгийнх нь хэлсэн үг хурцалж, бөхийн талбарт буцаан авчирчээ. Тэрбээр “Би зүгээр сууж чаддаггүй. Бэлтгэл хийхгүй хоёр хоновол бие хөшөөд нойр ч хүрдэггүй юм. Өвдөг бэртсэн ч УАШТ-д оролцохын тулд эрүүл мэнддээ анхаарч, өөртэйгөө их ажилласан. Хичээснийхээ хүчинд хүрэл медаль хүртсэн. Тэр медаль ДАШТ-д амжилт гаргах итгэл хайрласан гэж боддог. Тиймдээ ч намайг ямар ур чадвартай тамирчин гэдгийг олон талаар сорьж, үнэ цэнтэй ирсэн шагнал. Норвегийн Осло хотоос ирэх замдаа олон зүйл бодсон. Барилдааныхаа техникийг сайжруулахаас гадна гар, хөлийнхөө ажиллагаанд анхаарч, хүчний бэлтгэл түлхүү хийх, мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэйг ч ойлгосон” гэж билээ.
Түүнээс “...Танд үеэл ах тань чөлөөт бөхөөр барилд гэж зөвлөсөн гэл үү” гэхэд “Тийм ээ, манай үеэл ах 2011 онд “Чиний зан чанар, биед тань бөхийн спортоор хичээллэх тохирно. Тэгээд ч үеийнхээ охидоос хүч, бяртай харагддаг” гэв. Гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад 2013 онд чөлөөт бөхөөр хичээллэхээр Спортын төв ордныг зорив. Ээж минь ОУХМ Э.Даваачимэг эгчийн зөвлөснөөр намайг дагуулж очоод Т.Сүхбаатар багштай уулзуулсан юм. Багш тэр үед үндэсний шигшээ багийг дасгалжуулж байсан тул шинээр ирсэн хүүхдүүдийг бэлтгэл хийлгэх зав гараагүй. Тиймээс биднийг “Женко” клубийн дасгалжуулагч, ОУХМ Б.Оюунсүрэн багшийн удирдлагад шилжүүлсэн. Тэнд гурван жил хичээллэж байтал Т.Сүхбаатар багш үндсэн багшаар ирж, шавь нь болсон доо” гэв.
Амархан бууж өгөхийг хүсдэггүй шар түүний барилдаанаас харагддаг. Ахтайгаа үеийнх юм шиг ана мана ноцолдож, заримдаа бүр дийлж байж санаа амардаг зан нь зорилго тэмүүлэлтэй болгожээ. Гэр хороололд амьдарч түлээ, нүүрс зөөх нэг талаар бэлтгэл болж, тэвчээр хатуужилд сургав. Тэрбээр долоон хүүхэдтэй айлын тав дахь нь. Түүний багад тэднийх өдөр бүр 100 литр ус хэрэглэдэг байж. Хүүхэд байхдаа усанд байсхийгээд л явах, гэрийн хар бор ажилд багаасаа нухлагдсан тул ачаалал дааж сурсан байна. Аав, ээж нь Налайх дүүрэг дэх барилгын байгууллагад ажилладаг тул тэрбээр дүү нартайгаа том ахындаа голдуу өнждөг байсан аж.
ОСЛО ХОТООС ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЭВ
Монголд болсон УАШТ-д түрүүлж, өсвөр үеийнхний ДАШТ-д оролцох эрх гардсан тэрбээр Хорватын Загреб хотыг 2018 онд зорив. Охидын 46 кг-д аваргын төлөө Японы тамирчин Сакура Мотокитой барилдаж, 6:2-оор ялагдан мөнгөн медаль хүртсэн. Эл барилдаанаас хойш тэд насанд хүрэгчдийн ангилалд жин өгсөн зодоглов. Сакура Мотоки хожим “Парис-2024” олимпын наадамд 62 кг-ын жинд аварга болсон юм. Загребээс ирснийхээ дараахан нь Узбекистаны Ташкент хотод болсон Азийн АШТ-д 49 кг-д Энэтхэгийн Уннати Раторег цэвэр ялж, хүрэл медаль гардаж байв. Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсөж, үргэлжлүүлэн “Идэр” дээд сургуульд аялал жуулчлалын менежментийн чиглэлээр суралцаж 2024 онд төгсжээ. Оюутны он жилүүдэд өглөө хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэл рүүгээ явдаг байсан тул найз нөхөдтэйгөө ч тухтай уулзах зав бараг гараагүй аж. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдээс дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нарыг харж тэдэн шиг барилддаг бөх болох сон гэж боддог байснаа хожим биелүүлсэн тэрбээр Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн Б. Болортуяа, Гавьяат тамирчин Э.Даваачимэг нартай ойр дотно нөхөрлөдөг. Тэд түүнд барилдааны үед хэрэг болох зөвлөгөөнүүдийг байнга хэлдэг байна.
Норвегид 2021 онд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д зодоглохоор Осло хотод баяр хөөр, адал явдлаар дүүрэн хөл тавив. Тус хотыг зорих замд түүний төрсөн өдрийн баяр тохиожээ. Хамт явсан тамирчид нь урам хайрлан, баярын мэнд хүргэсэн мөч түүнд сайхан бодол төрүүлсэн аж. Шигшээ багийнхныг онгоцноос буухад Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яам, Консулын ажилтнууд мөн Ослод амьдардаг нутаг нэгтнүүд угтаж авчээ.
Түүнтэй ярилцах зуураа “Таны шийдэмгий, хурдтай барилдаанууд үзэгчдийн сонирхлыг их татдаг. Хөнгөн жин өрсөлдөөн ихтэй. Тэднээс цахиур хагалах амар байгаагүй л байх” хэмээн үргэлжлүүлэн асуухад “Миний хувьд анхны том тэмцээн байсан ч эмээж бэргээгүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТий хошой мөнгөн медальт, Румыний Алина Вучтэй таарсан. Дэвжээнд гарахын өмнө бие халаалт хийж байхад Т.Сүхбаатар багш “Өрсөлдөгчийнхөө том барьцад орж болохгүй шүү. Аль болох зайнаас барилд. Чи өмнөх барилдаанд яарч харагдсан. Тиймээс урьтаж хөдлөхгүйгээр алдаан дээр нь ажиллах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Намайг бодвол биерхүү ч хөл авахдаа тааруу санагдлаа. Түүний бичлэгүүдийг судалж амжаагүй тул өөрийнхөөрөө барилдахаар шийдсэн. Тэрбээр хөнгөн жингийн бөхчүүдээс хамгийн хүчтэй өрсөлдөгч. Мушгих гэж үзэхэд нь дундуур нь цохисон маягтай барилдаж, ард нь гарч хоёр оноо авсан. Оноо 6:2 болсон ч барилдааны цаг дуусаагүй тул хамгаалж барилдсаар ялсан. Түүний хувьд би өмнө нь хараагүй шинэ бөх тул ялна гэсэн итгэлтэй байсан болов уу” гэв.
Эхний хоёр тойргийн барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялахад нь бөхийн хорхойтнууд медалийн төлөө барилдах нь гарцаагүй гэж бодож суусан юм. Тэрбээр 2017 оны U23 насныхны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ ий хүрэл медальт, Туркийн тамирчин Эвин Демирхантай барилдахдаа хөл авах мэхээр буулгаж авав. Дараа нь Бразилын Камила Барбоза да Сильваг 10:2-оор илүүрхсэн. Ослогийн дэвжээнд хүч сорихдоо ДАШТ ямар их өрсөлдөөнтэй болдгийг мөн бэлтгэлээ сайтар базаахад медаль хүртэх ойрхон байдгийг ч мэдэрчээ. Өмнө нь шилдгүүдийн барилдааныг зурагтаар хардаг байсан бол тэр жил тэдэнтэй барилдсан юм. Шигшээ наймд өсвөр үеийнхний дэлхийн аварга, Японы Ремиха Ёшимототой таарсан. Хоёр ялчихсан манай тамирчинд түүнийг хожно гэсэн бодол төрөөд байж. Эн тэнцүү хүч үзсэн ч Д.Отгонжаргал тактикийн алдаа гаргаж ялагдсан. Сайтар бэлдэж гарсан болоод ч тэр үү, хожигдсондоо шар хөдлөөд уйлахад багш нь “Тамирчин хүнд ийм сэтгэл зүй байх ёстой. Чи дараагийнхаа барилдааныг бод” гэж зөвлөсөн байна. Тэр үед ялагдсанаа аль болох бодохгүйг хичээж, дагах барилдаанд анхаарал хандуулсан. Өмнөх орой нь тактик боловсруулж, сэтгэл зүйгээ ч бэлдсэн аж.
Ослогийн дэвжээнээс эх орондоо медальтай ирэхэд гэрийнхэн нь баяр хөөртэй угтсан. Норвег Монголоос зургаан цагийн зөрүүтэй. Гэрийнхэн нь түүний барилдааныг шөнийн 03 цагт үзжээ. Дэвжээнд гарахад нь бүгдээрээ цамцных нь захыг мушгиж суусан аж. Өрсөлдөгчөө ялахад аав нь баярлаж “Чадлаа, чадлаа” гээд гэрээ тойрч гүйсэн гэдэг. Онгоцноос буухад танихгүй хүмүүс хүртэл “Баяр хүргэе, чи мундаг барилдсан шүү. Дараагийн тэмцээнд аварга болоорой” гэж ерөөжээ. Гэртээ ирээд ДАШТ-ээс хүртсэн медалиа шагналынхаа хамгийн дээр залсан байна.
БЕЛГРАДЫН ДЭВЖЭЭНД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ ХОЁР Ч УДАА НҮҮР ТУЛСАН НЬ
Сербийн Белград хотод 2022 онд зохион байгуулсан ДАШТ түүний амьдралд томоохон өөрчлөлт авчирч, нэр хүнд, амжилтынх нь карьерыг өсгөсөн юм. Тус тэмцээнд оролцсон шилдгүүдээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Японы тамирчин, дэлхийн хошой аварга (“Парис 2017”, “Будапешт 2018”), “Токио-2020” олимпын наадмын аварга Юи Сүсаки байв. Аваргын төлөөх барилдаан эхлээд удаагүй байтал Юи Сүсаки маш хурдтайгаар түүний хөлд орж, ард нь гарч хоёр оноо авсан юм. Тэмцээний явцад тэрбээр Д.Отгонжаргалыг цаг дуусахаас өмнө хамгийн амаргүй мэх болох холболттой өнхрүүлэлт (хөлийг нь хавчиж мушгих) хийн, 4:0-ээр цэвэр ялж дэлхийн аваргаар шалгарав. Дараа жил нь (2023 онд) тэд мөн тус хотод болсон ДАШТ-ийн финалд дахин таарсан. Өмнөх жилийн алдаагаа засахаар Д.Отгонжаргал илүү анхааралтай барилдсан ч тэрбээр тактик, техникийн ур чадвараар илүүрхэв. Юи Сүсаки барилдаан эхлээд ердөө нэг минут 29 секундэд манай тамирчныг 10:0- ээр буулган авснаар алтан медаль хүртсэн юм. Дэлхийн медальтнууд “Парис-2024” олимпод 50 кг-д оролцсон ч Юи Сүсакиг эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Винеш Фогата ялж, түүний ноёрхлыг зогсоов. Тэрбээр дагах барилдаанд хүрэл медалийн төлөө Украины Оксана Ливачийг мөн 10:0-ээр ялж шагналын тавцанд зогссон билээ. Харин Д.Отгонжаргал нөгөө талын зоонд барилдахдаа хагас шигшээд олимпын хүрэл медальт, АНУ-ын тамирчин Сара Хилдебрандттай таарч, 5:0-ээр ялагдан, хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Зики Фэнтэй ширүүн өрсөлдсөн ч 6:4-өөр хожигдож, шагналт V байрт жагссан. Энэ онд болсон Азийн АШТ-д Юи Сүсаки БНАСАУ-ын Сон Хян Кимийг 6:0-ээр буулган авч түрүүлэн босоо хэвээр байгаагаа батлав. Чөлөөт бөхийн дэвжээнд хуруу дарам цөөхөн ялагдсан түүний гол зорилго “ЛосАнжелес-2028” олимп. Тиймээ өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Тэгвэл Д.Отгонжаргал Парисын олимпын дараа хэсэг хугацаанд их спортоос завсарлага авч, ээж болсон. Тэрбээр энэ оноос дэвжээндээ дахин гарч, Казахстанд ирэх сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх ДАШТ-д оролцохоор Астана хотыг багийнхантайгаа хамт зорино.