НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хурал өнөөдөр боллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт гэм буруугийн шүүх хурал нь болж, түүнийг ₮43.5 саяар торгож, гэм буруутайд тооцож, шүүх хурлыг товлосон. Улмаар шүүхээс эхнэрээ зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, биед нь санаатай гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, эхнэрээ мөрдөж мөшгөсөн зэрэг хэрэгт гэм буруутайд тооцож, 4.6 жилийн хорих ял оноожээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э-г эхнэрээ:
- 2005-2020 онуудад байнга зодсон,
- 2023 оны 11 сараас 2025 оны 06 сарын хугацаанд нийт 7 удаа тус тус зодсон.
- 2024 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- 2025 оны 07 дугаар сард эхнэрээ хянах зорилгоор түүний ашиглаж байсан тээврийн хэрэгсэлд байршил тогтоох зориулалт бүхий GPS төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн,
- өөрийн 16 настай хүүг 2025 онд 3 удаагийн үйлдлээр зодох, гэрээсээ хөөх зэргээр гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
2026 оны 09 сарын 18, 21-ний өдрүүдэд Э-д холбогдох хэргийг гэм буруу болон хохирол хэлэлцэх шүүх хуралдаанаар хэлэлцэж “...эхнэр Н-г 2005-2020 онуудад тус тус зодсон...” гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, дээрх хугацаанд зодсон талаар баримтгүй тул “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин
- 2024 онд эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- Эхнэр, насанд хүрээгүй хүүхдээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- эхнэрээ мөрдөн мөшгих гэх гурван гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцээд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (450,000-2,700,00 төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял) хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан (6 сараас 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 1 жил хүртэл хорих ял) гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Н-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан (6 сараас 2 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 2 жил хүртэл хорих ял) гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг насанд хүрээгүй хохирогч Н-ийн буюу хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт 2 жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (6 сараас 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 1 жил хүртэл хорих ял) мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял тус тус шийтгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сараар тогтоож, энэ өдрөөс цагдан хорьж шийдвэрлэв.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР