Манай улсад 2022 онд ерөнхий боловсролын сургуулийн ахлах бүлэгт 113, дунд бүлэгт 251, бага бүлэгт 382 мянган хүүхэд суралцаж байв. Харин 2025 онд ахлах, дунд бүлгийнхний тоо 37- 39 мянга орчмоор нэмэгдсэн бол бага ангийнхан 378 408 буюу дөрвөн мянгаар буурчээ. Мөн өнгөрсөн онд нэгдүгээр ангид 80 мянга гаруй хүүхэд элссэн бол энэ хичээлийн жилд 73 мянган зургаан настан сургуулийн босго алхлаа. Өөрөөр хэлбэл, төрөлт буурч байгаа нь цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн тоо ч цөөрөхөд нөлөөлөх болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор огцом өөрчлөлт харагдахгүй байгаа ч алсдаа хүн амын бодлого, тоотойгоо уялдуулж, цэцэрлэг, сургууль барихыг зөвлөж буй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсад 2021 онд 73 253 хүүхэд мэндэлсэн бол жил ирэх бүр энэ тоо 10, 10 мянгаар буурсаар өнгөрсөн онд 56 222 болжээ. Нэг ёсондоо дөрвөн жилийн дотор төрөлт 20 орчим мянгаар буурав. Мэдээж, одоогийн нөхцөлд сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй. Гэлээ ч үүнийгээ ухаалгаар төлөвлөхгүй бол хожим хоосон байшин, барилга л үлдэж мэдэхээр байна. Орон нутагт ийм аюул хэдийн нүүрлэсэн.
Сум, багийн сургуулиуд эзгүйрч, 4-10 сурагчтай анги ч цөөнгүй болсон талаар өмнө нь манай сонин хөндөж бичиж байлаа. 2024-2025 оны хичээлийн жилд 100 ба түүнээс доош суралцагчтай сургуулийн тоо аймгийн төвд 16, сумуудад 29 байв. Харин өдгөө сумдад 200-аас доош хүүхэдтэй 200 гаруй сургууль бийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан дурдсан. Тэдгээр нь бүгд 12 жилийн тогтолцоонд шилжсэн ч аравдугаар ангид долоо, арваннэгдүгээр ангид найм, арванхоёрдугаар ангид ердөө таван сурагч хичээллэж буй гэнэ. Иймд хэтэрхий цөөн сурагчтайг нь нэгтгэн, сум дундын ахлах сургууль байгуулахаа салбарын яамныхан нь мэдэгдэж, энэ намраас туршилтын сургалт явуулж буй. Сургуулийн бүтцийг өөрчилж, хотхоны болон төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр хичээллүүлж эхэлсэн. Тодруулбал, өдгөө 21 хотхоны сургуульд 9800, төрөлжсөн 37 ахлах сургуульд 15 000 орчим хүүхэд суралцаж байна. Боловсролын яам болон харьяа газрын мэргэжилтнүүд энэ хичээлийн жилээс ийн бүтцийн өөрчлөлт хийсэн ч бүтэлгүйтэхдээ тулсан юм. Энэ нь нөгөөх алдарт “эксел файл”. Төрийн өмчийн сургуулиуд ачааллаа дийлэхгүй байхад, хувийнхад, тэр тусмаа Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кингс скүүл”, мөн “Шинэ санаа”, “Империал” зэрэг сургуульд төсвөөс 9.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан нь “задарч”, нийгэмд шуугиан дэгдээв. Тухайлбал, 2026 оны төсвийн тодотголд хувийн сургуулиудад зориулан ийм хэмжээний санхүүжилт туссан мэдээлэл УИХын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараасан задаргаанаас ил болсон. Боловсролын яамныхан эхэндээ “төсөв хүссэн өргөдөл гаргасан” гэснээ удалгүй “ачаалал тэнцвэржүүлэх зорилготой” хэмээн мэдэн будилсан юм. Салбарын сайд нь “Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий хувийн сургууль ямар ч хүсэлт гаргаагүй” хэмээн цээжээрээ хамгаалсан. Тэрбээр “Гэрт ойрхон сургууль санаачилгын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 2026 оны төсвийн тодотголд нийт 50 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс 13.9 тэрбумыг нь ачаалал өндөртэй байршлуудад барилга түрээслэх, анги, танхим тохижуулах, 18.7 тэрбумыг нь бага ангийн шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтын орчныг шинэчлэхэд, 15 тэрбумыг нь шинээр байгуулж буй төрийн өмчийн төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн” гэж ярьсан. Хүүхдийн сурах эрх, боловсролын асуудлыг улс төржүүлж гацаахгүй байхыг хүсье гэж Боловсролын сайд хэлсэн ч бодит байдалд түүний явуургүй бодлого, “бай”-гаа оноогүй шийдвэрийн балгаар олон хүүхэд хохирч буй нь нууц биш.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 900 сургуульд 1.3 сая орчим хүүхэд суралцаж байгаа аж. Харин 1400 орчим цэцэрлэгт 258 мянга гаруй хүүхэд хамрагджээ. 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 79 сургууль, 60 цэцэрлэг, зургаан цогцолбор шинээр ашиглалтад оруулахаар тусгасныг Боловсролын ерөнхий газрынхан мэдээлэв. Архангайн Өгийнуур сумд 150 ортой цэцэрлэг, Төв аймгийн Борнуурт 320 хүүхдийн сургууль гээд цөөнгүй барилгыг улс хүлээн авсны дотор олон жил “гацсан” нь ч цөөнгүй байна. Улсын сургууль, цэцэрлэгийн барилга баригдахгүй, багш, сурагчдыг туйлдуулдаг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. Төсөвт өртөг нь өсөөд байдаг, ганц ч тоосго нэмэгддэггүйг хэн хүнгүй мэддэг. Нийслэлд ч ялгаагүй алслагдсан бүсэд сургууль, цэцэрлэг хүртээмжгүй, сургалтын чанар тааруу. Иймд хүүхдээ хотын төвд, орчин нөхцөл сайтай, сайн сургуульд сургахыг хүн бүр л хүснэ. Хэдийгээр харьяаллын дагуух сургууль байлаа ч аюулгүй орчин бүрдүүлээгүй, сургалтын чанар муу бол төв газар луу хошуурахыг үгүйсгэх аргагүй. Үүний хор уршиг нь боловсролын тэгш бус байдлыг гааруулж, хотын түгжрэлийг нэмэхээс эхлээд хүүхдийг ялгаварлан гадуурхалтад ч өртүүлдэг болохыг боловсрол судлаачид хэлдэг. Үүнийг баталсан ч судалгаа цөөнгүй. Сургууль, цэцэрлэг амарсан үед хөл хөдөлгөөн сийрэгжиж, авто замд түгжрэл үүсдэггүй нь хүүхдүүд харьяаллын гэхээс илүү хотын төв дэх улсын сургууль, эсвэл хувийнхыг илүүд үзэж буйг харуулдаг. Жишээ нь, хотын хойд бүсээс төвийн сургууль, цэцэрлэг лүү хүүхдээ зөөхөд 150 мянга гаруй автомашины хөдөлгөөн нэмэгддэг гэнэ. Энэ урсгалыг сааруулах, боловсролын хүртээмжийг тэгш хуваарилахын тулд ойрын гурван жилд 84 сургууль барих шаардлагатайг салбарынхан нь хэлсэн. Харин сургууль барих нэг хэрэг. Тэрхүү сургууль “амьд” оршиж, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх өөр хэрэг билээ. Аймгийн төвд ойрхон сум, эсвэл 1000 гаруй хүнтэй газарт шинэ сургууль барьчихдаг. Өнөөх нь татвар төлөгчдийн мөнгийг үргүй урсгаж л байдаг. Хэн нэгэн улс төрчийн ямар ч судалгаагүй зүтгүүлсний горыг иргэд төлсөөр байх уу. Үүний нэг жишээ нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны “Бэрхийн сургууль”. Тэнд нөхцөл байдал үнэхээр “бэрх”. Багш, сурагчдаа тогтоон барихад амаргүй бөгөөд нэмэлт элсэлт зарласан байна билээ. Энэ мэт улс төрч, эрх баригчдын сонгуульд оноо авах пиар нь сургууль барих биш юм. Тойрогтоо цэцэрлэг, сургууль барина гэж амлаж, иргэдээс санал авч, парламентад залардаг явдал хоцрогдсон. Эсрэгээрээ шинэ цэцэрлэг, сургууль барихыг багасгах, хүүхдийн тоо цөөрсөн сургуулиудыг нэгтгэх, хоосон барилга, байгууламжийг өөр зориулалтаар ашиглахыг иргэд хүсэх биз. Төрөлтийг дэмжих бодит алхам хийхгүй бол ядаж боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн зах зээлийн төлөвлөлтийг орхигдуулахгүй байхыг олон улс жанжин шугамаа болгодог юм билээ. Хүн ам, хүүхдийн тооноос хамаарч боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг төлөвлөхгүй бол улсын төсвийн мөнгө “салхинд хийсээд л” өнгөрөхийг мэргэжилтнүүд сануулах болсон.
Энэ оны дөрөвдүгээр сард болсон “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Хүн ам зүйн тэнхимийн профессор, доктор Ц.Болормаа “Хэрэв төрөлтийг дэмжих бодлого хангалтгүй хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо 1.6- 1.9 болж буурах эрсдэлтэйг сануулсан. Харин төрөлтийг дэмжих цогц, тогтвортой бодлого хэрэгжүүлж чадвал энэ үзүүлэлтийг бага зэрэг ахиулж, нэг эмэгтэй амьдралынхаа туршид 2-3 хүүхэд төрүүлэх боломж бийг танилцуулсан билээ. Өөрөөр хэлбэл, манай улсад төрөлт буурч байгаа нь түр зуурын “үзэгдэл” биш, урт хугацаанд үргэлжлэх төлөв юм. Хүн амын төрөлтийн өсөлтийн таамаглалд үндэслэн ирээдүйд шаардлагатай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн хэрэгцээг тооцсон судалгаа, тооцоолол хэрэгтэй болохоос энд ч нэг сургууль, тэнд ч нэг цэцэрлэг гээд байж болохгүй. Энэ талаар Боловсролын яамныхнаас тодруулахад, ирэх таван жилийн хүн амын өсөлт, эдийн засгийн төвлөрөл, бүлэг, дүүргэлт зэрэг бусад хүчин зүйлээс хамаарч боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн гэснээс өөрөөр тодорхой мэдээлэл өгөхөөс цааргалсан юм. Ямартай ч ирэх таван жилийн хугацаанд тус салбарт нийт 203 хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Харин тэнд нь хэчнээн хүүхэд хэрхэн сурч, хөгжих нь тодорхойгүй байна.