Хөдөө аж ахуйн цаг уурын өнгөрсөн арав хоногийн тоймыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өчигдөр танилцууллаа. Эл хугацаанд агаарын дундаж температур Монгол-Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Тарвагатай, Булнайн нуруу болон томоохон голуудын хөндийгөөр 1-10, Их нууруудын хотгор, тал хээр, говийн зарим нутгаар 15-20 хэмийн дулаан байжээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.1-5 хэмээр дулаарсан үзүүлэлт аж. Харин хур тунадас нутгийн 90 орчим хувьд олон жилийн дунджаас багавтар байсан бол Төвийн зарим, Увс, Завхан, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын ганц нэг сумд ахиу орсон байна. Түүнчлэн энэ сарын 18-нд Архангайн Тариат, Цахир сумын ихэнх нутгаар нойтон цас оржээ.
Тариалангийн бүс нутгуудаар төмс, хүнсний ногоо, үр тариа хураах ажил өдгөө ид үргэлжилж буй. Мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү, хадлан тэжээл бэлтгэх ажил ч өрнөж байна. Энэ үеэр буюу ойрын хэдэн өдөр цаг агаар ерөнхийдөө тогтуун байх нь. Гэвч 28-наас эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эл үзэгдэл 4-5 хоногийн туршид үргэлжлэх төлөвтэй. Ялангуяа газар тариалангийн бүс нутгаадаар цочир хүйтрэхийг анхааруулсан юм.
О.Оргилох