Яг 50 жилийн өмнө 1976 оны есдүгээр сарын 18-нд Хятад орон өөрийн удирдагч, бараг 30 жил улсаа жолоодож явсан Мао Зэдунтай салах ёс хийжээ. Тэр үед БНХАУ-тай харилцаа нь тун эвгүй байснаас ЗХУ эмгэнэл илэрхийлэх төдийгөөр хандсан байдаг. Тэгвэл Өрнөдийн олон удирдагч, тэдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд Мао гэдэг хүний түүхэн цар хэмжээг нь олон түмэнд тэмдэглэн хэлж байжээ. Олон жилийн дараа Хятадын шинэ удирдлага их залуурчийнхаа үлдээсэн өвсоёлын хувьсгалд шүүмжлэлтэй хандсан ч эх орныхоо өмнө Маогийн байгуулсан гавьяаг алдаанаас нь дээр тавьсан байна.
...1976 он болоход Мао Зэдун Хятадын Коммунист намыг 30 жил гаруй удирдчихаад байв. Сүүлийн жилүүдэд хүндээр өвчилж, олны нүдэнд харагдах нь цөөрч, улс орноо удирдах өдөр тутмын ажлаас улам бүр хөндийрсөөр байлаа. Гэлээ ч гадаад бодлогод эцсээ хүртэл оролцож байжээ. 1972 онд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоныг, 1975 оны арванхоёрдугаар сард Жеральд Фордыг Бээжин хотноо хүлээн авч уулзаж байв. Маогийн уулзсан гадаад улсын сүүлчийн удирдагч нь Пакистаны Ерөнхий сайд Зульфикар Али Бхутто бөгөөд 10 минут үргэлжилсэн уг уулзалт 1976 оны тавдугаар сарын 27-нд болжээ.
Хөгширч зөнөж байсан Маогийн араар Коммунист нам дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл зүүн радикал болон прагматикуудын хооронд дүрэлзэж байв. Мао тэдний хооронд хүчний харьцааг тэнцүү байлгахыг хичээж, өөрийн халааг аядуу Хуа Гофэнд өгөх бодол өвөрлөж байжээ. Түүнийг 1976 оны дөрөвдүгээр сард ХКН-ын Төв хорооны нэгдүгээр орлогч дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилсон юм.
1976 оны тавдугаар сар болоход Маогийн өвчний талаар нам дотроо илэн далангүй мэддэг болсон, тэрбээр зүрхний өвчин тусаад бие нь түргэн муудаж байлаа. Даргынхаа хүнд өвчний талаар намын ажилтнуудад мэдээлж, түүний үхэлд нэгэнт бэлтгээд эхэлжээ. Есдүгээр сарын 2-нд өвчин нь дахин хурцдаж, үүнээс хойш орноосоо бараг өндийсөнгүй. Наймны өдөр ухаан алдаж, есний шөнө болоход өөрийн зоргоор амьсгалахаа байв. Эмч нар сэхээн амьдруулахыг хичээж, зохиомлоор амьсгалуулсан ч түүнийг аварч чадсангүй, 00.10 цагт 82 настай удирдагчийн зүрх цохилохоо болив.
Маог амьсгал хураасны дараа ойрын хүрээлэлд нь учраа олохгүй байдал үүсэж, түүний халааг авах ёстой Хуа Гофэн бүр “ярьж ч чадахаа байжээ”. Маог нас барсан тухай орой тийш Бээжингийн 16.00 цагт албан ёсоор мэдээлсэн байна. Хятад улсын удирдлага иргэдээ эв нэгдэлтэй байхыг уриалж, нийт үндэсний гашуудал зарлав. Улс даяар туг далбааг бөхийлгөж, баяр ёслолын арга хэмжээ, театруудыг хаалаа. Мао өөд болсон тухай мэдээлмэгц Тяньаньмэний талбайд олон мянган хүн цугларсны дотор ханцуйндаа гашуудлын хар даавуу уясан нь олон байв. Маогийн цогцсыг төв талбай дахь Ардын хурлын ордонд байрлуулжээ. Сая орчим хүн ирж цогцостой салах ёс хийсэн байна.
Гашуудлын гол ёслолыг есдүгээр сарын 18-нд Тяньаньмэний талбай дээр хийв. Уг арга хэмжээг орон даяар телевизээр дамжуулжээ. Ёслолд гадаад орнуудын удирдагчдыг урьсангүй. 18-ны өдрийн15.00 цагт орон даяараа гурван минут нам гүм болов. Явган яваа хүмүүс зогсож, жолооч нар машинаа зогсоож, галт тэрэгнүүд чимээ аниргүй болж, ажилчид үйлдвэрийнхээ, ажилтнууд конторынхоо өмнө толгой гудайн зогсож, автомашинууд дохиогоо дуугаргаж байв гэж хэвлэлд бичсэн байлаа. Мао цогцсоо хайлахыг амьддаа хүсэж байсан ч газарт ч оршоосонгүй, галд ч хайлсангүй. Цогцсыг хадгалж, олон түмэнд үзүүлж байхаар шийдэв. Хоёр улсын харилцаа ихэд төвөгтэй байсан тул цогцсыг хадгалах арга хайж ЗХУ-аас тусламж хүссэнгүй. Хятадын мэрэгжилтнүүд өөрийн технологийг боловсруулахаас аргагүй болов. Нэг жилийн дараа Маогийн занданшуулсан цогцсыг болор саванд хийж Тяньаньмэний талбайд байрлуулав. Энэ танхимыг 1977 оны есдүгээр сард нээн одоо хэр нь ажиллуулж байна.
Олон хятад хүний хувьд Маогийн үхэл бүхэл бүтэн эринтэй салах ёс хийсэн үйл явдал болжээ. Түүнийг бүхий л амьдралаа ард түмнийхээ төлөө амь хайргүй зориулсан их залуурч гэх үзэл тус улсад тогтсон байлаа. Маогийн засаглалын сүүлийн жилүүдэд АНУ, Япон болон Европын орнуудтай Хятадын харилцаа өргөжин тэлж байснаас түүний үхлийг олон хүн өөрчлөлт шинэчлэлтэй холбон, найдвар тавьж байв. Тэгвэл Хятадын нутаг даяар гашуудал янз бүр, зарим хот, тосгонд гашуудал огт бололгүй өнгөрсөн байна.
Маогийн үхэлд дэлхий дахин гашуудаж, 120 гаруй улсын удирдагч эмгэнэлээ илэрхийлж, 55 улс Төрийн далбаагаа бөхийлгөв. Ялангуяа Хятадад найрсаг ханддаг Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Ир Сен Солонгосын дайны үед Хятад, Умард Солонгосын дайчид хамтран тэмцэж байсныг дурссан бол Югославын Ерөнхийлөгч Иосин Броз Тито орчин үеийн Хятадыг түүнгүйгээр төслөөлөхийн аргагүй гарамгай удирдагч хэмээн Маог нэрлэсэн байна. Францын Ерөнхийлөч Валери Жаскар д’Эстен “Мао Зэдун Хятадыг өнгөрсөн цагийн доройтлоос аварч, түүхээр заяагдсан төв байдлыг нь эргүүлж авчирсан” гэж бичсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд Америк, Хятадын харилцаа сэргэснийг Маотой холбож үзжээ. Тэгвэл Хятадын дайснууд огт өөрөөр хандаж, тухайлбал, Тайвань Хятад дахь коммунизмыг эсэргүүцэгч хүчнийг КН дахь эрх мэдлийн төлөөх тэмцлийг ашиглаж зэвсэгт бослого дэгдээхийг уриалж байжээ.
Гашуудлын өдрүүдэд болж байсан улс төрийн гол үйл явдал нь Маог хэн залгамжлах тухай асуудал байлаа. Хуа Гофэнийг Мао дэвшүүлж байсан ч намын дотор тэмцэл үргэлжилсээр. 800 сая хятад хүний хүндэтгэлийг Мао шиг хүлээх хүн байх болов уу. Мао өөд болоод нэг сар ч болоогүй байхад, 1976 оны аравдугаар сарын 6-нд Хуа Гофэний холбоотнууд зүүний радикал, Маогийн бэлэвсэн гэргий Цян Циний ордог “дөрвөн дээрэмчин”-ий удирдагчдыг баривчлав. Энэ явдал үндсэндээ соёлын хувьсгалын төгсгөл болжээ. Гэлээ ч Хуагийн байр суур байнга суларч байлаа. Маогийн амьдралын сүүлийн саруудад ихээхэн ад үзэгдэж байсан Дэн Сяопин улс орны удирдлагад эргэж ирэв. 1978 оны эцэс гэхэд Дэний бодлого бүхнийг тодорхойлох болжээ. ХК-ын Төв хорооны III бүгд хурал анхаарлын төвийг ангийн тэмцлээс эдийн засгийн хөгжил рүү шилжүүлж “өөрчлөлт, нээлттэй байдал”-ыг бодлого болгон тунхаглав. Хятадад шинэ эрин эхэллээ.
Маогийн өвийг эргэж харах ажил хорвоог орхисных нь дараахнаас эхэлсэн байна. Юуны урьд соёлын хувьсгал, түүнтэй холбоотой хэлмэгдүүллийг шүүмжлэх боллоо. Тэгэхдээ энэ нь Маогоос, үзэл бодлоос татгалзсан гэсэн үг биш, их залуурчийн түүхэн гавьяа нь түүний гаргасан алдаанаас нь илүү жин дарж байна гэсэн үүднээс ХКН-ын удирдлага ханджээ.
Өнөөгийн Хятадад Маод хандах хоёрдмол хандлага хадгалагдсаар байна. 2013 онд удирдагчийнхаа төрсний 120 жилийн ойд зориулж хэлсэн үгэндээ БНХАУ-ын дарга Си Зиньпин амьдралын сүүлийн жилүүдэд, ялангуяа соёлын хувьсгалын үед Маогийн хийсэн алдааг ил шулуун хэлсэн ч түүнийг агуу эх оронч, үндэсний баатар хэмээн нэрлэсэн байна. Цаг хугацаа явах тусам ХКН нь Си даргаа Маотой улам бүр харьцуулдаг болж байна. Маогоос хойш намаа хоёр таван жилээс илүү хугацаагаар удирдаж буй анхны хүн нь Си боллоо.
Р.Жаргалант