Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Австралийн Засгийн газрын дэмжлэгээр Монгол Улсын асаргаа, дэмжлэгийн тогтолцооны шинжилгээ, зураглалыг боловсруулж байна. Үүний хүрээнд эдүгээ хэрэгжүүлж буй санхүүжилтийн тогтолцоог тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг үнэлэх болон бусад үйлчилгээнд холбон зуучлах, олон улсын туршлагыг нутагшуулах, бэхжүүлэх бодитой хувилбаруудад дүн шинжилгээ хийж буй гэнэ. Мөн тулгамдаж буй асуудал, үнэлгээний дараагийн шатанд тусгах саналыг оролцогч талууд хэлэлцлээ.
Түүнчлэн Засгийн газраас өнгөрсөн долоодугаар сард УИХ-д өргөн барьсан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох журам, жагсаалтыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Манай улсын нийгмийн хамгааллын тогтолцоо нь иргэдийн амьдралын мөчлөгийн туршид эрсдэлийг бууруулах, ядуурал, тэгш бус байдлыг багасгах үүрэгтэй. Иймд мөнгөн тэтгэмжээс гадна үйлчилгээ, асаргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэдээллийн систем, олон салбарын уялдаа холбоог хамтад нь хөгжүүлэх шаардлагатайг албаныхан онцоллоо. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд, асран хамгаалагчдад чиглэсэн онцлог хэрэгцээг тусгах нь гол зорилго гэв.
О.Оргилох