Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил салбар бүрд шинэ салхи үлээлгэж, бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж байна. Номын сан гэдэг ойлголт өнөө цагт дөрвөн хананы дунд шарласан хуудас эргүүлэн суудаг танхимаар хязгаарлагдахаа больсон. Олон улсын түвшинд номын сангуудыг мэдээллийн нэгдсэн дижитал төв, судалгааны цахим сүлжээ, иргэдийн цаг завыг хэмнэсэн ухаалаг систем болгон хөгжүүлж байна. Харин манай номын сангууд энэхүү хурдацтай өөрчлөлттэй дөрөө харшуулж чадаж байна уу гэвэл харамсалтай нь, үгүй.
Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийтийн болон их, дээд сургуулийн номын сангууд дижитал шилжилтийг ердөө нэр төдий явуулж, бодит байдалд иргэдийн цагийг үрж, чирэгдэл учруулсаар байна. Барилга, байгууламжаа шинэчлэн өнгө зассан ч хэрэглэгчид очиж буй үйлчилгээ нь цаг үеийнхээ хэрэгцээ, хурдыг гүйцэхгүй байгаа нь нууц биш.
Дижитал шилжилтийг бид компьютер худалдан авч, серверээ шинэчлэх төдийхнөөр ойлгож иржээ. Гэтэл хэрэглэгч хүссэн номоо гэрээсээ хайх, аль салбарт байгааг нь харах, урьдчилан захиалах, цаашлаад аудио хувилбараар сонсох зэрэг нь орчин үеийн наад захын энгийн шаард лага. Гэвч манайд энэ мэт наад захын үйлчилгээг ч бүрэн нэвтрүүлээгүй байна. Өнөөх л өнгөрсөн зууны “Заавал өөрөө ир, каталогоос хай, байхгүй бол буц” гэдэг бичигдээгүй журам үйл чилсээр буй нь гачлантай.
ШИНЭ БАРИЛГА, ХУУЧИН СИСТЕМ
Монголын оюун санааны үүц, хөгжлийн хөтөч нь Үндэсний номын сан билээ. 75 жилийн түүхтэй тус номын сангийн өргөтгөлийн шинэ барилгыг 2024 онд ашиглалтад оруулсан. 11 давхар уг барилга нь төрөлжсөн 16 уншлагын танхимтай бөгөөд нэг дор 530 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай. Хүүхэд, гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан болон эрдэм шинжилгээний танхим, цахим уншлагын орчин, бүтээлч орон зай, дуу бичлэгийн студи, мини театр зэргийг шийдэж өгсөн нь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлсэн чухал алхам болов.
Шинэ байранд 534 мянга орчим ном, тогтмол хэвлэлийг шилжүүлсэн бол гурван сая гаруй товхимол, судар хуучин байранд үлджээ. Үүний 1.5 сая орчим нь ховор нандин хуучны судар, гар бичмэл юм. Тус сан хөмрөгт “Алтан товч”, “Эрдэнийн эрх”, “Чингис хааны угийн би чиг”, 108 боть “Ганжуур”, 225 боть “Данжуур” болон соёмбо, алтан үсгээр бичсэн бүтээл зэрэг хосгүй үнэт өвийг хадгалдаг. Ийм хэмжээний оюуны их өвийн бүртгэл, мэдээллийг цахимжуулж, иргэдэд хүртээмжтэй болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм. Гэтэл өнөөдөр судлаач, оюутнууд болон гадаадын эрдэмтэд Монголд хадгалж буй эх сурвалжтай танилцахын тулд заавал номын санд биечлэн очихоос өөр аргагүйд хүрдэг. Ганцхан энэ жишээнээс манай номын сангууд дижитал эриний шаардлагад нийцэхгүй байгааг харж болно.
Сан хөмрөг нь хэчнээн баян байлаа ч ямар бүтээл хаана буйг цахимаар хайж олох боломжгүй бол тухайн үнэт өвийн ач холбогдол, хүртээмж хязгаарлагдмал хэвээр үлдэнэ. Номын сангийн цахим каталог бол зөвхөн ном, зохиогчийн нэрийг жагсаасан хүснэгт биш. Эсрэгээрээ хэрэглэгч тухайн номын нэр, зохиогч, хэвлэгдсэн он, төрөл, яг аль салбарт байгааг тодорхой харах боломжтой нэгдсэн систем байх ёстой.
МУИС-ийн номын сан гэхэд шил толь болсон сайхан барилгатай ч олон улсын академик сүлжээ, судалгааны дорвитой сангуудын (ScienceDirect, JSTOR гэх мэт) эрхийг худалдан авч, оюутнууддаа ашиглуулдаггүй. Оюутнууд гэрээсээ цахим сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл унших боломж хомс, хайлтын систем нь үргэлж доголддогийг шүүмжилдэг.
Хүүхдийн төв номын сангийн тухайд цахим шилжилтийн талаар яриад ч хэрэггүй биз. Шинэ үеийнхэнд зориулсан интерактив орчин, технологид суурилсан цахим болон аудио номын сангийн шийдэл тэнд бараг л байхгүй. Угтаа дэлгэцийн хамааралтай болсон өнөөгийн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэхийн тулд дижитал агуулга, мультимедиа орчноор өвч бүрэн “зэвсэглэх” ёстой сон.
Нийслэлийн номын сангуудын дижитал хоцрогдлын хамгийн аюултай тал нь цахим архивын хомсдол юм. Үндэсний болон нийслэлийн номын сангуудад хадгалагдаж буй түүхэн ховор нандин судар, хуучин сонин сэтгүүл, судалгааны чухал баримт элэгдэж, цаг хугацааны эрхээр хорогдон устах эрсдэл нүүрлээд буйг салбарынхан нь хэлж байна. Соёлын болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой үнэт өвийг цахим хэлбэрт шилжүүлэн аюулгүй хадгалах, цаашлаад нийтэд нээлттэй болгох ажил өнөөг хүртэл хангалтгүй явсаар ирлээ.
Архивын материал асар их байвч тэдгээрийг өндөр нягтаршилтайгаар сканердаж, цахим сан бүрдүүлэх үйл явц санхүү болон техникийн чадамжаас шалтгаалан гацсаар байна. Үүний улмаас залуу судлаачид болон иргэд түүхэн чухал хэрэглэгдэхүүнтэй танилцахын тулд заавал архивын өрөөнд очиж, эх хувийг нь ашиглахаас өөр сонголтгүй үлддэг.
Цахим архивын ач холбогдол үүгээр дуусахгүй. Нэг бүтээлийг цахим хэлбэрт чанартай шилжүүлж, зохих мэдээллээр нь бүртгэснээр олон судлаач нэгэн зэрэг ашиглах боломж бүрдэнэ. Хүртээмж нэмэгдэхийн хэрээр ховор эх сурвалжийн хадгалалт, хамгаалалт сайжирна. Түүнчлэн Монголын түүх, хэл, соёлын эх сурвалжийг цахимд байршуулснаар зөвхөн монгол чууд бус, дэлхийн өнцөг бүрд буй судлаачид ашиглах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, цахимжуулалт нь номын сангийн дотоод үйлчилгээг шинэчлэхээс гадна Монголын оюуны өвийг дэлхийд сурталчлан хүргэх чухал гарц юм байна.
Үнэндээномынсангийнцахимүйлчилгээний хамгийн энгийн шалгуур нь хэрэглэгчийн цагийг хэр их хэмнэж байгаад л оршдог. Тухайн хүн гэрээсээ гаралгүй хүссэн номоо хайж, аль салбарт байгааг нь мэдээд, ганц товч дараад захиалчихдаг бол систем бодитоор ажиллаж буйн илрэл. Харин мэдээлэл авахын тулд заавал замын түгжрэл сөрөн биеэр очих шаардлагатай хэвээр байвал өнөөх цахим үйлчилгээ нь хөрсөн дээрээ буугаагүйн илрэл билээ.
Ийм нөхцөл байдал үүсэхэд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, номын сангийн салбарт мэдээллийн технологийн дэд бүтэц байгуулах, сервер, программ хангамж худалдан авахад төсөв хангалттай хүрдэггүй. Бага цалингаас шалтгаалан мэдээллийн технологийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулах боломж ч хязгаарлагдмал. Улсын байгууллагын цалингаар чадвартай инженер, программчдыг урьж ажиллуулан, системийг тасралтгүй хөгжүүлж, тордох боломж хомс аж.
Түүнчлэн салбарын зарим ажилтны цахим ур чадвар дутмаг, шинэ технологид суралцах идэвх чармайлт хангалтгүй нь асуудлыг улам бүр хүндрүүлдэг гэнэ. Мөн байгууллагын удирдлагын түвшинд дижитал шилжилтийг зөвхөн хэдэн компьютер худалдаж авах төдийхнөөр төсөөлсөөр байвал бодит өөрчлөлт гарахад бэрх. Учир нь цахим шилжилт нь тухайн системийг тогтмол ажиллуулж, мэдээллээ шинэчилж, хэрэглэгчийн саналд үндэслэн сайжруулан, аюулгүй байдлыг нь хангах тасралтгүй үйл явц юм. Энэ ойлголт төлөвшөөгүй цагт шинээр нэвтрүүлсэн систем хэсэг хугацааны дараа хуучирч, хэрэглэгчдэд дахин хүндрэл үүсэх эрсдэлтэй аж.
ЯРИХ БИШ, БҮТЭЭХ ЦАГ БОЛЖЭЭ
Салбарын хэмжээнд жил бүр “Номын сан: Өнөөдөр, маргааш” зэрэг хэлэлцүүлэг, форумыг уламжлал болгон зохион байгуулдаг. Гэвч үүнээс гарсан санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгодоггүй нь харамсалтай. Форумаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх санхүү жилт, хяналтын механизм хангалтгүй бол жил бүр ижил асуудлыг олон дахин ярихаас өөр аргагүй.
Олон улсын туршлагаас харахад хөгжингүй хотуудын нийтийн номын сангууд гар утасны аппликэйшнээр дамжуулан хайх, захиалах, цахим болон аудио хэлбэрээр ашиглах, судалгааны сангаас хайх боломж бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, Нью-Йоркийн нийтийн номын сан “SimplyE” аппликэйшнээр дамжуулан 300 мянга гаруй цахим номыг иргэддээ үнэгүй уншуулж, академик сангуудыг гэрээс нь ашиглах боломжоор хангадаг байна. Финландын Хельсинки хотын “Oodi” номын сан ухаалаг ложистикийн системд хотын бүх салбарыг холбож, иргэд аль ч салбараас ном захиалан ойролцоох цэгээсээ авах нөхцөл бүрдүүлжээ.
Тиймээс манай номын сангууд энэ түвшинд хүрэхийн тулд даруй дүүрэг бүрийн номын санг холбосон нэгдсэн цахим каталогтой болох шаардлагатай. Мөн цахим архивыг эрчимжүүлж, цахим болон аудио номын санг хөгжүүлж, олон улсын судалгааны мэдээллийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Эцэст нь, номын санг цахимжуулна гэдэг зөвхөн нэг салбарын ажил бус, тухайн нийгмийн боловсрол болон мэдлэгийн хүртээмжийг тодорхойлогч гол үзүүлэлт юм.
Э.Сүйлэн