Хойд хөршийн Буриад улсад ирэх жилийн нэгдүгээр сарын 3-8-нд болох “Ulan-Ude city cup” олон улсын цомын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд Монголын футзалын шигшээ багийн тамирчид оролцоно. Эл тэмцээний хүрээнд тус хотын мини хөл бөмбөгийн холбооны тэргүүн Дугар Санжицыбиков Улаанбаатарт хүрэлцэн ирж, Монголын хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон “Дэрэн” клубийнхэнтэй уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын үр дүнд Монголын баг дээрх тэмцээнд оролцохоор болж, багийн ахлагчаар Г.Мөнхчулуун ажиллахаар болов. “Ulan-Ude сity сup” олон улсын тэмцээн нь 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд манай улсын тоглогчид жил бүр оролцож, чамгүй туршлага хуримтлуулжээ.
Энэ спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбоо “Хишигтэн ФС” клубийнхэнтэй хамтран 10-12 хүртэлх насныхны хөвгүүд, 12-14 хүртэлх насны охидын грассрүүтс УАШТ-ийг зохион байгуулж байна. 61 клубийн 153 багийн 2500 гаруй тоглогч оролцож буй тус тэмцээний аваргуудыг ирэх сарын 11-нд тодруулна.