Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 27- 30-нд үргэлжлэх энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцох юм. Эл айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломж бүрдүүлнэ гэж үзэж буй. Түүнчлэн Ерөнхий сайд Япон Улсын парламентын хоёр танхимын даргад бараалхаж, ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчид, тус улсад амьдарч буй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохиож буй.
С.Уул