Иорданы Амман хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монголын багаас 35-40 насныхны А ангилалд 130 кг-ын жинд улсын арслан Р.Пүрэвдагва учраа таарсан өрсөлдөгчдөө онооны илт давуу байдлаар ялав. Эхний тойрогт Туркийн тамирчин Жем Есилийг 10:0, II тойрогт Английн бөх Александр Лакыг 11:0, III тойрогт ОХУ-ын Ахмед Саламовыг 12:1-ээр буулган авч, алтан медалийн төлөө шалгарсан. Тэрбээр аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Ираны Голамреза Хагшинасыг 3:2-оор илүүрхэн дэлхийн аварга боллоо. Тус тэмцээнд түүнтэй хамт хүч сорьсон тамирчдаас Т.Чулуунгэрэл эл ангилалд 100 кг-д Английн Олег Дружүнецийг 4:0-ээр ялж, Г.Гантулга 56-60 насныхны Е ангилалд 130 кг-д нутаг нэгт тамирчин Ц.Анхбаярыг хожин хүрэл медаль хүртсэн юм. Ц.Анхбаяр өмнө нь 56-60 насныхны Е ангилалд сонгомол бөхийн 100 кг-ын жинд мөнгөн медаль авсан билээ. Түүний амжилтыг үргэлжлүүлж сонгомол бөхийн төрөлд 130 кг-д өрсөлдсөн тамирчдаас олон улсын хэмжээний мастер А.Алтанхуяг Энэтхэгийн Нарендер Сингхийг 6:0-ээр хожиж, мөн хүрэл медаль гарджээ. Энэ удаа АНУ-ын баг 410 оноотойгоор тэргүүлсэн бол Казахстаных (321 оноо) удаалж, Иран улсынх (221 оноо) III байрт шалгарсан байна.