МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Jump” хөтөлбөрийн IV түвшний оюутан, “Jump Mongolia” академи, “Шинэсэгэ” ХХК-ийн тамирчин Б.Наранхишиг хэмээх шавилхан охин олон улсын тэмцээний талбарт амжилт гаргасаар байна. Монголын жиү жицүгийн шигшээ багийн босгоор алхсан цагаасаа гал гарсан барилдаануудаараа бөхийн хорхойтнуудын анхаарлыг татах болжээ. Японд зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадмын дэвжээнд тэрбээр хүчтэй өрсөлдөгч болсноо харуулж, жиү жицүгийн төрөлд хүрэл медаль хүртэв. Үүнээс өмнө АНЭУ-ын Абу Даби хотод өнгөрсөн жил болсон “Их дуулга”-д зодоглохдоо цэнхэр бүсний ангиллын 62 кг-ын жинд аваргын төлөө ОХУ-ын тамирчин Анна Комоловаг ялж, алтан медаль гардсан юм. Тус тэмцээний дараа Йорданы Амман хотыг зорьж, Азийн АШТ-ий 21 хүртэлх насныхны ангилалд (57 кг-д) түрүүлсэн билээ.
УРЛАГ СОНИРХДОГ ОХИН БӨХИЙН СПОРТОД ТАТАГДАВ
Өөрийгөө жиү жицүгээр хичээллэнэ гэж огт төсөөлөөгүй явсан түүнд аав нь нэг өдөр “Миний ажигласнаар чи үеийнхээ охидоос хүчтэй, бяртай, барилдахаар биетэй харагддаг” гэжээ. Тэрбээр тухайн үед охид бөхөөр хичээллэх зохисгүй, ичмээр зүйл хэмээн бодож, эмэгтэй тамирчдын барилдахыг зурагтаар хараад эхэндээ их гайхдаг байсан аж. Гэрийнхэн нь жүдогоор хичээллэхийг зөвлөсөн тул “Их шавь” клубийн дасгалжуулагч О.Нарангэрэлтэй уулзаж, бэлтгэл базаахаар шийдэв. Эхний өдөр хэд шидүүлээд л халширч бэргэхэд багш нь “Чи маргааш жиү жицүгийн бэлтгэл хийгээд үз” гэж санал тавьжээ. Дэвжээнд долоо хоног сургуулилалт хийхэд таалагдаж, Спортын төв ордонд очиж, өмсгөл худалдаж авсан тэр өдрөөс өнөөг хүртэл энэ спорттой нөхөрлөж буй. Тэрбээр айлын ууган охин, гурван дүүтэй. Түүнийг тэмцээнээс медаль хүртэхээр аав нь “Тээр, би чамд хэлсэн биз дээ” хэмээн бахархаж, найз нөхөд, хамаатан садан руугаа “Охин минь барилдаад медаль авлаа” гээд ярьдаг болжээ. Бүрэг ичимхий, үеийнхэнтэйгээ бараг ярьдаггүй, дуу цөөнтэй түүнийг жиү жицү “төрөл арилжсан” мэт өөрчлөв. Баянгол дүүргийн 13 сургуулийн арваннэгдүгээр ангид сурах жилээ спортоор хичээллэж, сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болоход ангийн багш, хамт олон нь ихэд гайхсан гэдэг. Бэлтгэл хийж, тэмцээнд оролцдогоо хэнд ч хэлдэггүй түүнийг ангийнхан нь медаль хүртэхийг зурагтаар хараад “Чамайг бүжигчин болно гэж бодож байснаас бус, бөхөөр хичээллэнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй” гэжээ.
Түүнээс “Бэлтгэл, бэлтгэл” гэдэг үгийг алтан дүрмээ болгосон гол зүйл тань юу юм бол” гэхэд “Ялж, ялагдсан ч урам өгч, ард минь бат найдвартай зогсдог хүмүүс бол гэрийнхэн минь. Тэд минь тууштай дэмжсэний ачаар би ”Их дуулга”-д түрүүлж, Азийн аварга болсон. Аав, ээж цалингаа хадгалж, гэрт зарцуулах төсвөө сар бүр тооцдог. Намайг л тэмцээнд оролцуулах гэж тэр шүү дээ. Миний төлөө чадах бүхнээрээ тусалж, хичээл зүтгэл гаргаж буй гэрийнхнийгээ хараад “Бэлтгэлээ сайн хийх ёстой” гэж өөртөө хэлдэг. Ялагдах бүрдээ өрсөлдөгчөөсөө ур чадвараар дутуу байгаагаа мэдэрч, “бэлтгэл, бэлтгэл” гэдэг үгийг амьдралынхаа алтан дүрэм болгосон” хэмээсэн юм. Тэмцээн бүр онцлогтой болж, өөр өөр дурсамж үлдээдэг. Казахстанд болсон ДАШТ-ээс тэрбээр медалиас атгаад л хоцорсон юм. Энэ тухайгаа “Миний хувьд жиндээ эрх авч чадаагүй. Шигшээ багийг ахалсан дасгалжуулагчаас “Багш аа сул жин байна уу. Би жин хасаад ч болов оролцъё” гэхэд “Чи залуу байна. Ирэх жил 21 хүртэлх насныхны ангилалд оролцоорой” гээд зөвшөөрсөнгүй. Тэр жил ДАШТ-д өрсөлдөх зорилгоор бэлтгэлээ сайтар хийсэн. Тэгтэл багш нэг өдөр “52 кг-д нэг сул зай байна” гэв. Тухайн үед 57 кг-д оролцохын тулд жин их хасдаг байлаа. Бид зардлаа хэмнээд Казахстан руу автобусаар дөрөв хоног явсан. Тэнд хэдэн өдөр ядартлаа дасгал хөдөлгөөн хийж, арай гэж жиндээ орлоо. Тэмцээн болох өдөр бие хөнгөрч, дориун барилдахаар санагдав. Эхний гурван тойргийн барилдаанд хожсон ч дараагийнхад нь Израйлын тамирчинд ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд мөн тус улсын тамирчинтай таарч, V байрт шалгарав. Эзэн орны биерхүү, өндөр тамирчидтай барилдах тун эвгүй. Амьдарч буй орчин нөхцөл, цаг, улирал, уур амьсгалын байдлаас хамаараад монгол бөхчүүдийн биеийн онцлог, сэтгэлзүй тэднээс өөр. Хөдлөх тэнхэлгүй болтлоо ядарсан надад халуун цай, шөлтэй хоол хүч тамир оруулсан даа. Өмнө нь огт иддэггүй байсан шөлтэй хоолны ач тусыг тэгэхэд л их мэдэрч билээ” гэж дурссан.
АБУ ДАБИГИЙН ДЭВЖЭЭ БЭЛТГЭЛЭЭ САЙТАР БАЗААХЫГ ОЙЛГУУЛЖЭЭ
Олон улсын дөрвөн тэмцээнээс медальтай ирнэ гэдэг тамирчин хүнд тэр бүр тохиодоггүй ховор боломж. Тухайн жил оюутны амралт эхэлсэн ч бэлтгэлдээ анхаарал хандуулж, зуны өдөр хоногуудыг үр дүнтэй өнгөрүүлэв. БНСУ-д намар нь зохион байгуулах Зүүн Азийн АШТ, Тайландад арваннэгдүгээр сард болох ДАШТ-д амжилттай оролцох зорилго тавьжээ. 57 кг-ын жин эмэгтэй тамирчдын хувьд өрсөлдөөн ихтэй. Дотоодын шилдгүүдийг ялж, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авдаг тул өмнөхөөсөө илүү хичээх үүрэг, хариуцлага нэмэгдсэн юм. Жиү жицүгээр нэг жил хичээллэсэн тэрбээр дэлхийн тэмцээн ямар болдгийг мэдэхгүй АНЭУ-д анх хөл тавьжээ. Олон цагийн нислэгт ядарч очсон түүнд зуух шиг төөнөх халуунд жин хасна гэдэг тэвчээр шалгасан амаргүй даваа санагдсан гэдэг. Абу Дабигийн дэвжээнээс олон зүйлийг ухаарч, туршлага хуримтлуулсан нь хожим амжилт гаргах эхлэл нь байв. Тамирчид жиндээ өрсөлдөх бөхчүүдийн барилдааныг судлаад дэвжээнд гардаг бол түүнээс хэнтэй ч таарсан ялна гэсэн шийдэмгий зан харагддаг. ДАШТ-д анх оролцохдоо цэнхэр бүсний ангилалд хойд хөршийн тамирчинтай эхний тойрогт ана мана үзэлцсэн ч туршлага дутаж ялагдав. Тэрбээр их шартай. Түүнийг цаашид хэрхэн барилдахыг нь харахаар тэмцээн өндөрлөтөл үзжээ. Өрсөлдөгч нь дэлхийн аварга болж, ягаан бүс авахад үнэхээр шилдгүүдийн нэгтэй өрсөлджээ гэж бахархаж суусан гэдэг. Тэр тэмцээн амжилтад хүрье гэвэл бэлтгэлээ сайтар базаахыг ойлгуулсан тул Абу Дабигаас ирснийхээ дараа алдаагаа давтахгүйн тулд маш их хичээсэн. Тамирчдын сэтгэлд мартагдахааргүй хоногшиж үлдсэн барилдаан гэж байдаг. Жингийнх нь бөхчүүдээс Израйлын тамирчны арга барил, техник түүнийхтэй төстэй. Ширүүн харц, шийдэмгий байдал нь ч амархан бууж өгөхөөргүй харагддаг. Түүнийг ялахын тулд манай тамирчин олон хувилбараар барилдаж, цаг дуусахаас өмнө гурвалжин боолтоор ялж, тэмцээнээ үргэлжлүүлсэн юм. Сүүлийн үед өсвөр үеийнхэн цахиур хагалж, дотоодын тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож буй. Түүний жинд А.Цагаанбилэг хэмээх охин амаргүй учраа болох нь харагддаг. Орон нутгийн тамирчид хүч, бяраар арай илүү. Сүхбаатар дүүргийн “Долоон буудал”-д байгуулсан “Ральф грэйси Монгол” академийн дасгалжуулагч Ө.Эрдэнэбаатарын удирдлагад бэлтгэл хийдэг тамирчдын арга барил, техник өмнөх жилүүдийнхээ эрс сайжирсан. Японд 2023 онд болсон “Их дуулга” тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд хоёр тамирчин өрсөлдсөний нэг нь Б.Наранхишиг, нөгөө нь “Ральф грэйси Монгол” академийн А.Цагаанбилэг. Тэд өөр хэсэгт барилдсан. А.Цагаанбилэг БНСУ-ын, Б.Наранхишиг Японы бөхийг ялж финалд шалгарсан юм. Тэд дотооддоо цөөнгүй таарсан болохоор нэгийнхээ барилдааны арга барилыг сайн мэднэ. Гадаадын тэмцээнд нутгийнхаа тамирчинтай тэр дундаа медалийн төлөө өрсөлдөх хүнд. Нэг нь хоосон хоцорч, нөгөө нь шагналын тавцанд зогсоно. Спортын талбарт найз, дүү ч бай шударга өрсөлд гэсэн хууль үйлчилдэг. Аваргын төлөөх барилдаанд Б.Наранхишиг түүнд хожигдож мөнгөн медаль хүртэж байв.
Тэрбээр “Их дуулга”, Азийн наадмаас гардсан медалиа шагналынхаа хамгийн дээр залсан байна. Японд болсон “Их дуулга”-аас мөнгөн медаль авснаа гэрийнхэндээ түрүүлж дуулгахад ээжийнх нь баярлаад уйлах, аав нь утсаа шүүрч аваад хүмүүстэй ярих сонсогджээ. Түүнийг ирэхэд гэрийнхэн нь хөдөө ажлаар явж таарсан тул ангийн багш, хамт олон нь угтсан аж. Түүнд тулгамддаг асуудлын нэг бол зардлын мөнгө. Аав, ээж нь “Бид болгоно. Чи тайван бай. Бэлтгэлээ л сайн хий” гэдэг болохоор сургуулилалтдаа анхаарал хандуулна. Тэрбээр тамирчны гараагаа эхлүүлэхдээ ивээн тэтгэх байгууллагатай болох сон гэж мөрөөддөг байжээ. Дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ түүнд ивээн тэтгэх байгууллага олж өгснөөр тэмцээнд сэтгэл тайван оролцдог болсон юм.
Тэрбээр “Их дуулга”-д оролцохоор АНЭУ-д гурван удаа хөл тавьсан болохоор одоо энэ улс эртний танил шиг дотно санагддаг аж. Орчин нөхцөл, цаг агаарт нь дасан зохицож, уур амьсгалынх нь онцлог, хоол хүнс, иргэдийнх нь зан чанар, хандлагыг мэддэг болжээ. Өнгөрсөн жил (2025 онд) зохион байгуулсан “Их дуулга”-д тэрбээр 62 кг-д анх удаа хүч сорьсон болохоор тамирчдад нь шинэ танил байлаа. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд ОХУ- ын тамирчныг ялж, алтан медаль гардав. Өөрөөсөө өндөр, биерхүү тамирчныг буулгаж авахын тулд өмнөх тэмцээний бичлэгүүдийг нь үзэж, нэлээд судалжээ. Чөлөөт бөхөөр хичээллэдэг түүнээс хөлөө хамгаалахын тулд хэвтээгээс барилдах зөв байв. Өрсөлдөгч нь хөл өчихдөө хориотой мэх хийсэн болохоор шүүгчид ялалтыг манай тамирчинд өгсөн юм. Медалийн тавцанд догдолж зогсохдоо хамт олноо үзэгчдийн суудлаас олж харахаар хайх мөчид Төрийн дуулал эгшиглэхэд эх орон, аав, ээж, амжилтад хөтөлсөн багш, хэцүү санагдсан ч бууж өгөөгүй хичээл зүтгэлээрээ бахархсан гэдэг. “Их дуулга”-д өрсөлдөхөд аав нь түүнтэй өдөр бүр холбогдон урам өгч, дэвжээнд гарах бүрд цамцных нь захыг мушгиж суужээ.
ТИВИЙН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛЖ, АЗИЙН НААДАМД АМЖИЛТАА БАТАТГАВ
“Их дуулга” өндөрлөсний дараа тэрбээр багийнхантайгаа Йордан улсыг зорьж, Амман хотод тивийн аваргаар тодрон амжилтаа бататгасан. Тус улс хөгжиж буй орон ч хотдоо томоохон тэмцээнүүдийг өндөр хэмжээнд зохион байгуулдаг болох нь онгоцноос буухад л анзаарагджээ. Иргэд нь тамирчдаа дэмжихээр ирж, бүрээ, бөмбөр дуугарган сүртэй эхэлсэн тэмцээний хоёр насны ангилалд тэрбээр өрсөлдөхдөө өмнө нь нүүр тулж үзээгүй тивийн шилдгүүдийг хожсон юм. Насанд хүрэгчдийн ангилалд хоёр ялсан ч III тойрогт Азийн наадмын аваргад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Дараа нь 21 хүртэлх насныхны ангилалд эхний тойрогт эзэн орны тамирчныг нутгийнх нь дэвжээнд ялахад үзэгчид нь нам гүм болжээ. II тойрогт Казахстаны тамирчныг идэвхийн оноогоор ялж, алтан медалийн төлөө Вьетнамын бөхтэй хүч сорихоор болов. Түүнийг өмнө нь огт хараагүй тул барилдааныг нь судалж амжилгүй дэвжээнд гарчээ. Шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан О.Болд-Эрдэнэ багш руу хартал санаа нь зовнисон байдалтай сууж харагджээ. Тэр үед “Одоо надад алдах зүйл байхгүй. Өөрийнхөө мэдрэмжээр барилдаж, шийдсэн мэхээ хийе” гэж боджээ. Өрсөлдөгчөө хоёр онооны давуугаар ялсан хэрнээ өөртөө итгэсэнгүй. Багшийнхаа баярлаж зогсохыг хараад тивийн аваргаар тодорсноо мэдсэн гэдэг. Шүүгч гарыг нь өргөж, шагналын тавцанд Монголын Төрийн дуулал эгшиглэхэд өөрийн эрхгүй баярын нулимс дуслуулжээ.
Тэрбээр 2026 онд ч олон улсын тэмцээнд оролцохоор хилийн дээс цөөнгүй алхсан. Японд зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд зодоглох нь түүний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх гол зорилгынх нь нэг байв. Тус наадмын сүүлийн өдөр жиү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд эхний тойрогт Тайландын тамирчин Аксарапак Сиримакыг идэвхийн оноогоор ялж, шигшээ наймд Вьетнамын Ти Мин Нгуенийг 2:0-ээр хожсон юм. Хагас шигшээд Филиппиний Александра Луз Энрикуэйзэд ялагдав. Жиү жицүгийн тэмцээний дүрэмд хагас шигшээд (зооны аваргын төлөө) ялагдсан тамирчид хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болдог. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Филиппиний Андреа Лоис Лаог 2:0-ээр буулган авснаар Нагоя хотод амжилтын “нар мандуулсан” Монголын багийн 14 дэх медальтан болов. Тэмцээний дараа “Энэ хүртэл ямар их хэцүү зүйлийг тэвчиж, ард нь гарсан билээ гэж бодож зогсоход завгүй хөдөлмөрлөсөн он жилүүд нүдэнд минь харагдах шиг болсон. Азийн наадам бол жиү жицүгийн тамирчдын хувьд олимп гэсэн үг. Дээрх наадмын дэвжээнээс хүрэл медалийн болзол хангаж, багийнхаа анхны шагналыг гардахдаа их баярласан. Ялагдахад зөвлөж, унахад минь түшин, шантрахад итгэл хайрладаг хүн бол дасгалжуулагч багш минь байдаг” хэмээн үзэгчидтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.