Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан дартсын Ази, Номхон далайн бүсийн 21 дэх удаагийн аварга шалгаруулах цомын тэмцээнд манай улсын баг дасгалжуулагч С.Энхболдын удирдлагад оролцож, долоон орны 120 гаруй тамирчинтай өрсөлдөв. Тус тэмцээний эрэгтэйчүүд багийн төрөлд алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Японы хүчирхэг шигшээг 9:8-аар буулган авч түрүүллээ. Энэ удаа хагас шигшээд шалгарсан Австрали, Шинэ Зелан дын баг хүрэл медаль хүртсэн. Тэгвэл эмэг тэйчүүд хагас шигшээд Японы багийг ялж, аваргын төлөө Австралийн тамирчдыг 9:5-аар буулган авч алтан медаль гардсан юм. Түүнчлэн өсвөр үеийнхний ангилалд хөвгүүдийн багаас Шинэ Зеландын шигшээ тэргүүлж, Австралийнх удаалан, Монголынх хүрэл медальтай өндөрлүүллээ. Охидоос Австрали, Монгол, Шинэ Зеланд улсын баг эхний гурван байрт оров.

Хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Х.Тэргэл Австралийн тамирчин Тристан Богнарыг 6:2-оор хожиж аваргалжээ. Тэрбээр шигшээ тоглолтод өндөр түвшний тоглолт үзүүлж, дөрвөн удаа 180 оноо авснаас гадна эхний есөн сумны дундаж шидэлт нь 108 онооны үзүүлэлттэй байв. Охидоос П.Энхцэцэг Австралийн Алисса Мүүдид 4:2-оор ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм. Түүний өрсөлдөгч нь 12 настай, “Хар опал” хочтой. Алисса Мүүди шийдвэрлэх тоглолтод тэргүүлснээр улсынхаа багт анхны алтан медаль авчирсан юм. Эрэгтэй тоглогчдын хо сын төрөлд Х.Тэргэл, М.Тэлмэн, охидынход П.Энхцэцэг, Ц.Өнөрчимэг нар алтан медалийн эзэн болжээ. Манайхан дээрх тэмцээнд найман алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 17 медаль хүртэн багийн дүнгээр түрүүлж алтан цом гардсан бол Япон дөрвөн алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальтай II, Австрали хоёр алт, долоон мөнгө, гурван хүрэл медальтай III байрт жагсав.