Хөл бөмбөгийн холбооны ногоон талбайд 14, 16 хүртэлх насныхны лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 12 хүртэл зургаан сар үргэлжилсний эцэст аваргуудаа тодрууллаа. Энэ улиралд 14 насныхны ангилалд найм, 16 насныхад 10 буюу нийт 18 багийн 470 гаруй тоглогч оролцсоноос Вожислав Бралушич дасгалжуулагчтай, Б.Анх-Эрдэнэ ахлагчтай “Дэрэн” клубийнхэн тэргүүлэв. Тус багийнхантай түрүү байрын төлөө өрсөлдсөн “Стренжир соккер” клуб (А.Амарболд дасгалжуулагчтай, Ч.Бодьмөр ахлагчтай)-ийнхэн дэд байрт шалгарч, “Хоромхон” (Н.Наранболд дасгалжуулагчтай, Ж.Идэржавхлан ахлагчтай) багийнхан хүрэл медаль хүртсэн юм. 16 хүртэлх насныхад мөн “Дэрэн”-гийнхэн аваргын цом өргөж, “Эрчим” (Д.Батнасан дасгалжуулагчтай, Ж.Сүбээдэй ахлагчтай) клубийнхэн удаалан, Вестерн (С.Отгонцагаан дасгалжуулагчтай, Ц.Хаш-Эрдэнэ ахлагчтай) багийнхан III байр эзэлжээ. Лигийн тэмцээний шилдэг тоглогчоор 14 хүртэлх насныхнаас Д.Анар (“Дэрэн”) тодорсон. Тэрбээр 13 тоглолтод хаалгаа хуурай манаж, гурван гоол алдсан аж. Шилдэг хамгаалагчаар Т.Мөнх-Итгэл (“Дэрэн”), шилдэг хагас хамгаалагчаар Ч.Бодьмөр, шилдэг довтлогчоор Б.Болд-Эрдэнэ (“Стренжир соккер”) тодорчээ. 16 хүртэлх насныхны ангилалд шилдэг хаалгачаар М.Мөнххүслэн (“Дэрэн”) шалгарсан байна. Түүний хувьд есөн тоглолтод хаалгаа хуурай манаж, 11 гоол алдсан юм. Харин шилдэг хамгаалагчаар Б.Гарьд (“Дэрэн”), шилдэг хагас хамгаалагчаар Ж.Сүбээдэй, шилдэг довтлогчоор Д.Энх-Амгалан “(Эрчим” клуб) шалгарчээ.