Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Баха Монголиа-BAJA 250” нь зүгээр нэг энгийн бартаат замаар давхиад барианд орчихдог уралдаан биш юм. Энэ нь тамирчдаас авьяас, туршлага, техникийн ур чадвар, тэсвэр хатуужил шаарддаг холын зайн хурдны төрөлд багтдаг. Тиймдээ ч авто, мото спортынхны нэр хүндтэй, өрсөлдөгч ихтэй томоохон тэмцээний нэг. Төв аймгийн Эрдэнэ сумын “Элстэй” хэмээх хайрга, шавар, бартаа, эрсдэл ихтэй замд болдгоороо онцлогтой. Тэмцээнийг зохион байгуулагчид тамирчдыг бэлдсэн замаараа цээжээр давхихаас сэргийлж өөрчлөх, эсрэг чиглэлд нь уралдуулах, уралдааны маршрутад шинэ бартаа нэмэх зэргээр тактик шаардсан өөрчлөлт тогтмол хийдэг. 24 дэх удаагийн эл тэмцээнд олон тамирчин хурд сорьсноос УАЗ ангилалд “Аваргууд” клубийн тамирчин, спортын мастер, 68 дугаартай Ш.Гомбодорж анх удаа түрүүлэв. SSV төрөлд “Khuleg racing team”-ын Ч.Энхбат чиглүүлэгч М.Анх баярын хамт хамгийн богино хугацаанд замаа туулж, аваргалсан байна. SSV/UTV ангилалд Ш.Гансүх тэргүү лэн алтан медалийн эзэн болжээ. Мотоциклын ангилалд Гавьяат тамирчин Э.Халиунболдын охин Маргад-Эрдэнэ зөв тактикаар уралдаж, хошой аварга болсон юм. Тэрбээр удам дамжсан тамирчин. Аавынхаа хичээллэдэг мото спортыг өвлөж, амжилт гаргаж буй.