Шатрын спортынхноос дөрвөн хүний олон улсын шүүгчийн цол албан ёсоор баталгаажиж, тив, дэлхийн тэмцээнийг дэнслэх эрхтэй боллоо. Олон улсын шатрын холбооноос олгодог хамгийн өндөр зэрэглэлийн шүүгчийн эрх гардсан тэднээс М.Гүнбаяр Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлийн даргаар ажилладаг бол С.Ган-Эрдэнэ 21 насандаа дэлхийн шатрын спортын түүхэнд олон улсын хамгийн залуу шүүгчээр тодров. Тэгвэл Д.Энхсайхан холбооныхоо тэмцээний зохион байгуулалт, шүүгчдийн бүрэлдэхүүнийг чадваржуулах дотоод үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэн, олон улсын зэрэглэлтэй чансаа олгох томоохон тэмцээнийг улсдаа амжилттай зохион байгуулж, шүүн явуулдаг байна. Сонирхуулахад, үндэсний шигшээ баг, “Гэгээн арвай” клубийн тамирчин Б.Мөнгөнзул их мастер цол хүртлээ. Тэрбээр уг цолыг хүртсэн манай улсын найм дахь эмэгтэй тоглогч болсон юм. Дэлхийн чансааны 52 дугаар байрт эрэмбэлэгддэг түүний хувьд дээрх цолны болзлыг өнгөрсөн зургаадугаар 30-нд биелүүлсэн бөгөөд 2022 онд эмэгтэй их мастер цолд хүрсэн Т.Мөнхзулаас хойш дөрвөн жилийн дараа амжилтын эзэн болж байна.