Монголын волейболын холбооноос зохион байгуулсан залуучуудын 23 хүртэлх насныхны УАШТ сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болж өндөрлөв. Эл тэмцээнд волейболын ирээдүй болсон залуу тамирчид ур чадвар, багийн ажиллагаагаа бүрэн дайчлан тоглосон юм. Эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод “Дархан могулс”-ынхон “Энержи бор мазаалай” багийг 3:1-ээр хожиж, аваргаллаа. Тоглолтын туршид хоёр багийнхан онооны хол зөрүүгүй ширүүхэн өрсөлдөж, сүүлийн хоёр үед “Дархан могулс” хамгаалалт, довтолгооны тактик илүү байснаар ялалт байгуулсан. Хүрэл медалийн төлөө “Төв миг”-ийнхэн “Минтонетт говь” багийг мөн 3:1-ээр илүүрхсэн юм. Эмэгтэйчүүдийн багаас аваргын төлөө “Хобби эйс” багийнхан “Уурхайчин” клубийнхнийг 3:1-ээр буулган авч тэргүүн байр эзэлсэн билээ. Тэд финалд эн тэнцүүхэн өрсөлдсөн ч “Хобби эйс”-ийнхэн илүү тоглолт үзүүлж, ялалт байгуулан улсын аварга болсон. Түүнчлэн “Минтонетт говь” клубийнхэн “Алтайн барс хилчин”-ий тоглогчдыг онооны давуугаар ялж, хүрэл медаль гарджээ. Хүч шавхан өрсөлдсөний эцэст тус багийнхнаас Б.Насанжаргал давуулалтаараа гайхалтай тоглолт үзүүлж, “Шилдэг давуулагч”-ийн шагнал хүртэв. Энэ удаа эрэгтэйчүүдээс М.Уранбаяр, эмэгтэйчүүдээс Н.Хатанзаяа нар үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ.
Шилдэг довтлогчоор Ж.Батбилэг, холбогчоор Б.Энхжаргал, Э.Анхзул тодорсон бол шилдэг голын хаагчаар Э.Молор-Эрдэнэ, У.Гоомарал, хамгаалагчаар З.Ган-Эрдэнэ, Н.Болор-Ундрам, давуулагчаар Э.Гансүх, шүүгчээр Э.Цагаандарь тодорсон байна. Тэгвэл шилдэг дасгалжуулагчийн шагнал гардсан Ч.Отгонбаяр, М.Цэрэнбаатар нар тамирчдаа зөв тактикаар удирдаж, багаа улсын аварга болгожээ.