Азербайжан улсын Баку хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д манай улсын баг Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхий дасгалжуулагч Б.Ганболдын удирдлагад өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 30 гаруй орны тамирчидтай өрсөлдөв. Эмэгтэйчүүдээс 18 хүртэлх насныхны залуучуудын ангилалд “Женко” клубийн тамирчин Г.Гэгээн +75 кг-ын жинд Украины тамирчин Викториа Дидухыг ялж, алтан медалийн төлөө Польшийн Александра Степновскаг буулган авч дэлхийн аварга боллоо. Тэрбээр сонирхогчдын сүмогоос гадна чөлөөт, жүдо бөхөөр хичээллэж, олон улсын тэмцээнд амжилт гаргаж буй. Эрэгтэйчүүдээс Япон дахь Жохокү Тоттори ахлах сургуулийн сурагч Ч.Санчиргарьд тус ангилалд +100 кг-д аваргын төлөөх барилдаанд Японы бөх Кэйго Нагамацутай хүч сорин ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд Бүх Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлж, нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Тэгвэл өсвөр үеийнхний ангилалд 80 кг-д Г.Элбэгсайхан тэргүүн байрын төлөө Польшийн тамирчин Антони Чебатуратай зодоглож удаалжээ. Түүнтэй хамт нэг жинд өрсөлдсөн тамирчдаас Н.Буян дэлгэр хүрэл медаль гардав. Охидоос 60 кг-д С.Мөнхтуяа III байр эзэлсэн байна. Энэ удаа нээлттэй ангилалд П.Энхдөл, Н.Нандин-Эрдэнэ нар хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Эрэгтэйчүүдийн багийн төрөлд Японы тамирчид тэргүүлсэн бол Монголынх мөнгө, Тайвань, Польшийнх хүрэл медальтай өндөрлүүлжээ. Эмэгтэйчүүдийн багийн төрөлд мөн Япон, Монгол, Украин, Польш улс эхний гурван байр шалгарав.