“Зөвшөөрөлгүйгээр таксины үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно” гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан нь маргааны сэдэв боллоо. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй, хүртээмж багатай үед ийм шийдвэр гаргасан нь буруу гэж зарим иргэн шүүмжилж байв. Харин зарим нь дээрх шийдвэр нь таксины үйлчилгээг сайжруулах, стандартыг мөрдүүлэхэд чухал алхам болохыг онцолсон. Тэгвэл ямар шалтгаан, үндэслэлээр ийнхүү шийдвэрлэсэн талаар нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өчигдөр тайлбар өглөө.
Тэрбээр “Зөрчлийн, Авто тээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар таксины үйлчилгээ эрхлэхийн тулд тусгай зөвшөөрөл авахаар болсон юм. Уг зохицуулалтыг ирэх аравдугаар сарын 15-наас мөрдөнө. Таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахын тулд холбогдох хуулиудад заасан шаардлагыг биелүүлж, 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай. Зөвхөн зөвшөөрөлтэй таксийг үйлчилгээнд явуулна. Зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 хүртэлх сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулаад буй” гэв.
Бэлтгэсэн: М.Оч