Иргэн бүрийн сонгох, сонгогдох эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд баталгаажуулсан. Тухайн орны Үндсэн хууль, төрийн тогтолцооноос үл хамаарч ард иргэд нь сонгох, сонгогдох эрхээ үр нөлөөтэй эдлэх боломжийг хангахад зайлшгүй хууль зүйн болон бусад арга хэмжээг төрийн зүгээс авч хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. “Нэг хүн нэг саналын эрхтэй байх зарчим нь улс бүрийн сонгуулийн тогтолцоонд туссан байх ба нэг сонгогчийн санал нөгөө сонгогчийн саналтай хувь тэнцүү байна. Сонгуулийн тойрогт хамаарах хилийн цэсийг тогтоох болон санал хуваарилахдаа тойрогт ногдох мандатын тоог гажуудуулахыг хориглоно” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий зөвлөмжид заасан байдаг.
Сонгогчийн өгсөн санал болгоны хувийн жин ижил, тойрог тус бүрийн сонгогчдын тоо ойролцоо байх, сонгогдсон төлөөлөгч адил тооны сонгогчдыг төлөөлөх, сонгуулийн үйл ажиллагаанд нэр дэвшигч адил тэгш боломжоор хангагдах, тэгш хүртээмжтэй мэдээлэл авах эрхийг хангах нь сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэх гол баталгаа гэдэг агуулга Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц болон манай Үндсэн хуульд ч бий. Гэвч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан. Улмаар Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах, эсэх асуудлыг хэлэлцээд “хүлээн авах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг саяхан хийсэн.
Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа бүхэлдээ юу болоод өнгөрсөн нь энэ хүртэл өрнөсөн явцаас харагдах биз. Сонгуулийн тойрогт ногдох мандат, тойргийн сонгогчдын тоо, сонгогдсон гишүүдийн иргэдийг төлөөлөх тооны ялгаатай байдал нь тэгш эрхийн зарчимд нийцээгүй тухай Хүний эрхийн үндэсний комиссоос ч УИХ-д хүргүүлсэн 2024 оны тайлан, илтгэлдээ онцолсон байна лээ. Манай УИХ-ын сонгуулийг ажигласан олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын дүгнэлтээр 13 тойргийн 11-д нь сонгогчдын тоо дундаж хязгаараас 15 хувиар давсан бол Улаанбаатар хотын дөрвөн тойрогт 50 хувиар хэтэрсэн нь тэгш эрхийн зарчимд нийцээгүй гэж үзжээ.
НЭГ МАНДАТАД НОГДОХ СОНГОГЧДЫН ТОО ГУРАВ ДАХИН ЗӨРҮҮТЭЙ БАЙВ
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын тоо нийслэлд 963 274 буюу 46.8 хувь, орон нутагт 1 095 591 буюу 53.2 хувь нь байхаар, мажоритар тойргийн 78 мандатын 54 нь хөдөөгийн долоо, 24 нь нийслэлийн зургаан тойрогт ногдсон. Нэг тойрогт буй сонгогчийн болон мандатын тоо, нэг мандатад ногдох сонгогчийн тоо аль аль нь хол зөрүүтэй байсан гэсэн үг. Тухайлбал, 12 дугаар тойрог буюу ХанУул дүүрэгт нэг мандатад 57 545 сонгогч ногдож байхад долоо (говийн бүс) болон хоёрдугаар (баруун бүс) тойрогт нэг мандатад 19.5 мянган сонгогч ногдсон нь даруй гурав дахин их байж. Хан-Уул дүүрэг болон Баянхонгор, Архангай, Өвөрхангайд нэр дэвшигчид 40-50 мянган сонгогчоос санал авчхаад парламентад сонгогдож чадахгүй байхад Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ердөө 13-16 мянган хүний саналаар, говийн болон баруун аймгуудаас 20 мянгын “босго” шүргэв үү, үгүй юү УИХ-ын гишүүн болсон явдал нь өнгөрсөн сонгуулийн нэг том гажуудал юм. Газар зүйн байршил, хэмжээ, хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан тойрог байгуулна гэж хуульчилсан ч энэ шалгуураа бодитоор хангаагүй гэдгийг ХЭҮК-оос сануулжээ. Олон улсын жишгээр бол сонгогчдын дундаж тоо тойрог бүрд 10-15 хувийн зөрүүтэй байхыг зөвшөөрдөг байна. Гэтэл 2024 оны УИХ-ын сонгуулиар манайд нэг нь нөгөөгөөсөө гурав дахин их байв.
“Тойргийг хуваарилахдаа өмнөх сонгуулиудынхаас харьцангуй томсгосон байдлаар зохион байгуулсан нь улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд сонгуулийн өрсөлдөөний тэгш бус гарааг бий болгож, сонгогчдын мэдээлэл авах эрхийг хөндөж, ил тод байх зарчмыг зөрчсөн. Сонгогч, сонгогдогч аль алинд нь нэлээд асуудал, зөрчил гарсан. Сонгогчийн хувьд ямар хүн сум, дүүрэг, хороонд нь нэр дэвшиж байгааг мэдэх Хөсөр хаягдсан сонгогчийн эрх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Өөрсдийг нь төлөөлөөд төрийн эрх барих дээд байгууллагад дөрвөн жил ажиллах хариуцлагатай хүмүүс шүү дээ. Тиймээс сонгогчдод нэр дэвшигчийн тухай бодит бөгөөд тодорхой мэдээлэл хэрэгтэй байсан. Нухацтай танилцаад хэнийг төлөөлүүлэхээ сонгох ёстой байтал 17 хоногийн сурталчилгаа бол үнэхээр тийм боломж өгөөгүй. Ялангуяа том тойрогт шинэ нэр дэвшигчдэд маш хүнд байсан. Том суурин газруудаар л очиж амжихаас биш алслагдсан сум, баг, тосгонд очиж өөрийгөө болон намын мөрийн хөтөлбөрөө таниулах боломж гараагүй. Гэтэл тэр олон шинэ хүн дунд боловсролтой, чадвартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигч ч байгаа шүү дээ. Тийм хүмүүс 2-4 удаа сонгогдчихсон нэр дэвшигчидтэй нэг тойрогт өрсөлдөх нь тэгш эрхийн зарчим алдагдсан хэрэг юм. Ижил гарааны нөхцөлгүй, хүч тэнцвэргүй “тулаанд” орсон” хэмээн ХЭҮК-ын дарга Д.Сүнжид ярьсан.
ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХ ЗӨРЧИГДСӨӨР ИРСНИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ
Сонгууль бол ялгаатай үзэл бодол, өөр өөр байр суурь, тус тусын үзэл баримтлалын өрсөлдөөн байх ёстой. Тиймээс “Мандатын тоотойгоо заавал нийцүүлж дугуйлах ёстой. Дутуу дугуйлбал саналын хуудас чинь хүчингүй” гэдэг шаардлага Монголд тавьдаг нь сонгуулийн үйл ажиллагаанд иргэдийн чөлөөтэй байх эрхийн зарчмыг зөрчсөн үйлдэлд тооцогддог аж. Угтаа тухайн сонгогч өөрийнх нь харьяаллын тойрогт нэр дэвшсэн хүмүүсээс хэнийг нь дэмжих, дэмжихгүйгээ бие даан, хараат бусаар, чөлөөтэй сонгох эрхтэй. Гэтэл манайд таван мандаттай байлаа гэхэд тавууланг нь гүйцээж дугуйлахыг тулган шаарддаг. Магадгүй гурван хүнийг нь л дэмжихээр, бусад нь таньж мэдэхгүй, үзэл баримтлал нь таалагдахгүй нэр дэвшигч байлаа гэхэд өөрийн үнэ цэнтэй саналаа хүчингүй болгохгүйн тулд сонголтгүй сонголтын өмнө мэргэлж байгаад ч хамаагүй, заавал хэн нэгнийг “тааж буудах” хэрэг гардаг. Энэ бол сонгогчийн чөлөөтэй байх эрхийг хөсөр хаясан үйлдэл учраас дээрх зарчмыг хэрэгжүүлэх боломж, хувилбарыг бий болгох саналаа ХЭҮК парламентад хүргүүлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлэгт хэвтэж буй, цагдан хоригдож байгаа, оюутан, шилжин суурьшсан иргэд гэх мэтчилэн бүх нийтээрээ оролцох эрхийн зарчим бол сонгуулийн үйл ажиллагааны бас нэгэн чухал хэсэг. Тэр дундаа ял эдэлж буй хоригдлуудын тухайд хөнгөн болон удахгүй суллагдах гэж буй хэсгийг нь санал өгүүлдэг жишиг олон улсад нэлээд тү¬ гээмэл байдаг учраас энэ асуудалд анхаарч эхэлжээ. “Хоригдлуудыг нийгэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ялынх нь хэмжээ, хугацаа, зүйл, заалтаас шалтгаалан тэднийг нийгэмд гарч ирэхэд тодорхой хэмжээний мэдээлэлтэй, оролцоотой байлгах үүднээс сонгуульд оролцуулдаг жишгийг судлахаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын зөвлөмжийг үндэслэн саналаа өгсөн байна
БИЕ ДААГЧ 801-ЭЭС ДООШГҮЙ СОНГОГЧИЙН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО
“УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 31.2, 31.3, 33.4 дэх хэсэгт заасан бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй хүнээр гарын үсэг зуруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрч¬ сөн” гэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны I дүгнэлтийг УИХ хүлээн авсан юм. Тодруулбал, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна”, 31.3 дахь хэсэгт “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж батал гаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно”, 31.4 дэх хэсэгт “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тойргийн сонгогчийн тоо болон дэлхийн бусад ардчилсан оронтой харьцуулахад 801 гэдэг шалгуур, босго нь өндөр байна. Бие даагчийг улс төрийн намаас нэр дэвшигчтэй харьцуулсан шалгуур нь тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж би хувьдаа үзсэн. Тухайн хуулийг хэрэглэхэд дур зорго, үзэмж, ялгамжтай байдал, тэгш эрхийн зарчмыг нугалах боломж олгохгүй байх ёстой шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Түүнчлэн УИХ-ын гишүүн ажлын тайлангаа тараах, уулзалт хийхийг түдгэлзүүлсэн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын III дүгнэлтийг парламент хүлээн авсан нь хуучцуул үе үеийн сонгуулиар гол “түүз”-ээ болгож ирсэн хуудууг эцэслэх бололтой. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнээд, 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэснээр парламент Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон бусад хуульд холбогдох өөрчлөлтийг оруулахаар ажиллаж буй.
Л.Ганчимэг