ДЦС-3 дээр гарсан ослоос үүдэлтэй гэмтлийг засварлахаар онцгой байдлын дэглэм тогтоож, эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ. Тэгвэл "ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ-өөр томилогдоод буй Н.Тавинбэх мэдээлэл өглөө. Тэрбээр, "ДЦС-3 дээр онцгой дэглэм тогтоосон. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон газар Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилдог. Миний биег томилж, тогтоол гарсан.
ДЦС-3-т импортоор оруулж ирдэг тоног төхөөрөмжид гэмтэл гарсан учраас юун түрүүнд мөнгө санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Засгийн газар болон яаманд томилогдсон ажлын хэсгүүд дулааны цахилгаан станцын үйлдвэр явуулдаг гурван орны 11 кампанид тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлт хүргүүлсэн. Тухайлбал, гэмтсэн тоног төхөөрөмжийг хэдий хугацаанд тээвэрлэх болон угсралтын явц хэр удах болон хэдэн төгрөг болох уу гэдэг санал өгөхийг хүссэн. Эдгээрээс санал ирсний дараагаар дундаж хугацаа, санхүү мөнгө тодорхой болно.
Улаанбаатар хот болон орон нутаг цахилгааны дутагдалд орсон учраас хамгийн богино хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлэх болон угсрах кампанитай хамтарч ажиллана.
Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбар үнэ тарифаас бол маш алдагдалтай ажиллаж байгаа. Тогны үнэ нэмсэн боловч ашиг олох, хөрөнгө оруулалт хийх хэмжээний их нэмээгүй. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээнд нэмсэн. Саяны ДЦС-3-т гарсан гэмтлийн улмаас их хэмжээний санхүүжилт хэрэгтэй болсон. Иймд засгийн газраас санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хэвийн горимд орох нөхцөл бүрдэнэ.
ДЦС-3-т гарсан гэмтэлтэй холбоотой дотооддоо засварлах боломжтой төсвийн нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг засгийн газарт өгсөн. Батлагдах байх гэж бодож байна. Урьдчилсан байдлаар 16 тэрбум шаардлагатай гэж үзсэн. Ташрамд хэлэхэд, эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэхээр санхүүжилт дээр гацдаг. Бусад зүйлс маш тодорхой байдаг" гэх мэдээллийг өглөө.