Австралийн кино найруулагч Габриел Брэди Германы “Chromosom films” болон Монголын “Гуру медиа”-тай хамтран бүтээсэн “The Wolves always come at night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлийг 2026 оны Оскарын наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд Австрали улсаас өрсөлдөхөөр болсон. Тэгвэл БНХАУ-ын Фүжоү хотод энэ сарын 27-нд болсон 12 дахь удаагийн “Торгоны зам” олон улсын кино наадмаас “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл “Golden silk road” буюу Шилдэг баримтат киноны шагнал хүртжээ.
Энэхүү наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс баримтат киноны төрөлд 100 гаруй бүтээл өрсөлдсөн байна. Уг кинонд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэн болон түүний гэргий Д.Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, монгол түмний мянга мянган жилийн уламжлалтай нүүдэлчин ахуй соёл уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн өртөж буй хийгээд дасан зохицох, тэсэж давахын тулд “дотоод дархлаа”-гаа хайж байгаа эгэл түүхийг өгүүлдэг.
Л.Чимэг