Иргэдийн дунд шатахууны хомсдол үүссэн гэх худал, үнэн нь тодорхойгүй мэдээллээс бинзен шатахуун түгээх газруудад оочер дараалал үүсэх болсон. Уг асуудлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газраас өнөөдөр шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тогтоол гаргалаа. Энэ тогтоолыг жил бүр гаргадаг. Хуулийн дагуу манай улсын аюулгүйн нөөц хувийн хэвшлийн компаниудад байдаг.
Сүүлийн үед шатахуун тасарлаа гэх мэт мэдээлэл иргэдийн дунд тархсан байна. Уг худал мэдээллийг ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хаягаар тарааж байгааг хуулийн байгууллагаар шалгуулах шийдврийг гаргалаа. Бид хэдийгээр ОХУ-аас 100 хувь шахуу импортын түлш, шатахууны хамааралтай ч ОХУ-ын нөхцөл байдал хүнд байгаа ч өнгөрсөн сард Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзсан. Миний бие ч Эрчим хүчний сайдтай нь уулзаж асуудлыг ярьсны хүрээнд биднийг ямар ч нөхцөлд шатахуунаар таслахгүй гэдэг амлалтыг ОХУ-аас өгсөн. Одоогийн байдлаар гэхэд Төмөр замын Толгойт, Рашаанд өртөөгөөр хил даваад орж ирж байгаа АИ92 бензин 150 гаруй тонн вагоноор ирж байна. Өдрийн нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Манай гол нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн үйлдвэрийн засвар долоо хоногийн дараа дуусна. Баруун аймгуудад шатахууныг Улаанбаатар хотоос хангаад явж байна. Шатахууны нэг сарын нөөцийг хадгалдаг сав барихад 500 тэрбум төгрөг болж байна. Тийм учраас төрөөс энэ нөөцөө хийж, нөөцөө бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Бид БНХАУ-аа одоо ч шатахуун нийлүүлж байгаа ч дамжуулан ачиж, буулгах төвүүдийг нэмэх хөрөнгө оруулалтыг хийх чиглэлд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.