ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганы хуралдаан Дэгийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоохоор хуралдаан болж байна. Тэгвэл уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг орхин гарлаа. Тодруулбал, ҮХЦ-ийн хуралдаан нь үндсэн хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр хурлыг гишүүд орхин гарав. Гишүүд орхиж гарч буй талаар үндэслэлээ тайлбарлаж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Үндсэн хуулийн 16.4-т зааснаар Монгол улсын иргэн өмгөөлөгчтэй байх бүрэн эрхтй гэж заасан байдаг. Гэтэл өмгөөлөгчтэй байх эрхийг нь хангаж өгсөнгүй. Энэ хуралдааны бэлтгэл ажил хууль зөрчсөн. Мөн хэтэрхий нэг талыг барьж байна. Цэцийн хуралд Бямбацогт гишүүн хэн үг хэлэх, хэлэхгүй болон хаана суухыг заагаад байж болохгүй. Гар утсандаа хүрэх, хүрэхгүйг заагаад байж болохгүй биздээ. Эрх нь хангахдахгүй байгаа учраас хуралдаанаас гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, Аль аль талын эрхийг хангасан тэнцвэртэй хуралдаан болохгүй байна" гэж хэлэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Засгийн газар нь УИХ руугаа халдаж байгааг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар оролдож байна. Өнөөдөр 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд төрийн хямрал, Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу авч орлоо. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилох үйлдэлд хориг тавиад, үүн дээр цэц маргаан үүсгэж байгаа нь Үндсэн хуулийг илт зөрчил мөн. Ядаж гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, та бүхний хүсэлт ийм байдлаар хууль зөрчиж байна үгүй хэмээн тайлбар өгөх хэрэгтэй. Үнэхээр харамсалтай байна" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Засгийн газар огцруулах асуудал эцэслээгүй байхад цэц хуралдаж байна. Ерөнхий сайдыг огцруулах гэсэн агуулгаар санал хураалт явуулсангүй гээд байгаа. Ийм санал хураалт явуулсны үр дүнд л ерөнхий сайд огцорсон шүү дээ. УИХ яаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг вэ гэхээр чуулганы хуралдаанаар хэрэгжүүлдэг. УИХ байнгын хороо, бүлгийн хуралдаанаас бүрдэнэ гэж байгаа. Байнгын хороо орж байж их хурал чуулганаар бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Байнгын хороон дээр ЗГ огцруулъя гэдэг санал хураалт явуулсан. Тийм санал хураалт явуулсан учраас л ерөнхий сайд огцорсон шүү дээ. Үндсэн хуулиа битгий зөрчөөчээ. Үндсэн хуулийн цэцийг УИХ томилдог. Хуулиа зөрчвөл зарим гишүүдийг татах эрх нь бий. Хоёр талын нэг нь гарч явахаар хуралдахгүй байх ёстой" гэх мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хоёр гомдол өгсөн. Наан нь гомдол өгсөн байхад цэцийн бүрэлдэхүүн гомдлыг хүлээж аваагүй. Хоёр гомдол, гурван хүсэлт хүлээж авсангүй. Хуралдаан даргалагч ганцаараа шийдвэр гаргаад байсан. Онцгой нөхцөл байдал учраас ҮХЦ хурал зарласан гэж тайлбарласан. Гэхдээ 1992 оноос хойш 33, 34 дэх ерөнхий сайдаа огцруулж байгаа нь анх удаа хийгдэж буй асуудал биш. Өмнө нь ч огцруулахад ҮХЦ хэзээ ч ийм байдлаар хүлээж авч байгаагүй. Хуралдаан нээлттэй байх ёстой байсан. Хуульд хурлыг орхисон үед бүрэлдэхүүн завсарлаад хурлыг үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх ёстой ч одоог хүртэл хуралдаад байна." гэлээ.