Хүүхэд нь гүйж яваад бүдэрчихвэл “Яадаг чулуу вэ” гэхтэй адил үйл явдлууд өнөөдөр Монголд ар араасаа өрнөж байна. Улс төрийн хариуцлага гэдэг алдаа гаргахгүй байхыг хэлдэггүй. Харин дутагдал бий бол шударгаар хүлээн зөвшөөрч, шийдвэрийнхээ үр дагаврыг нийтийн албан тушаалтан толгойгоороо хариуцах тухай ойлголт, уг нь. Гэтэл өөрсдөдөө хамаарах асуудлыг бусад руу нялзааж, эвтэйхэн мултарч, олныг тайвшруулахын тулд “хурган” даргыг ажлаас нь халж, эсвэл дундаасаа нэгэн үл үзэгдэгч дайсан тодруулчхаад буруугаа бухдаг “уламжлал” нэгэнт тогтжээ. Өвөл болбол хүйтэрдгийг гэнэт мэддэг “гэнэн хонгор”-ууд хэдхэн сарын дараа “Эрчим хүч, шатахууны хомсдол нүүрлэсэн тул хязгаарлалт тогтооно” хэмээн мэдэгдэж ч магадгүй биз.
“НО”-ГОО НЯЛЗААНА
Одоогоос гурван жилийн өмнө хотын мээр асан Д.Сумъяабазар “Би ногоон автобусны талаар юу ч мэдэхгүй. Төсөв нь Ж.Сүхбаатарын гарын үсгээр баталгаажсан” гэж мэдэн будилсан. “Ногоон автобусны” гэх тодотголтой эл гэмт хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүх дэнсэлж, зарим хэсгийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан байдаг. Нийслэлийн Засаг даргын алба хашдаг хүн энэ талаар мэдэхгүй өнгөрсөн байх ямар ч боломжгүй.
Түүнчлэн энэ сарын 16-17-ны өдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт ба нийцэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр улсын төсвийн алдагдал нэг их наяд, нийслэлийнх 2.4 их наядад хүрсэн, “Ухаалаг смарт сити” төслийг зураг, төсөвгүй баталсан, 16 мега төслийн гүйцэтгэл ердөө 4.8 хувьтай байна гэхчлэн олон ноцтой асуудал илэрснийг уншигчид санаж буй биз. Энэ хэлэлцүүлэгт “хэргийн эзэн”, хотын дарга асан Х.Нямбаатарыг урьсан ч үл мэдэгдэх шалтгаанаар ирээгүй юм. Аливаа нэг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн гэсэн “автор” сэдэвтэй болохын тулд даахгүй нохой булуу хураана гэгчээр эцсийг нь үзэлгүй оронцоглодгийн цухасхан жишээ энэ. Хамгийн хоржоонтой нь, алга эргүүлэх төдийд халж, солигддог иймэрхүү бүтэлгүй албатуудын “лай”-г иргэд үүрч таардаг. Тэр байтугай, илэрсэн “но”-той үйлдэлд нь хариуцлага тооцох гэсээр дараагийн сонгуультай залгаж, гол буруутан нь улс төрийн “салхинд” сарнин алга болдог билээ л.
Нийслэл дэх “хонины найр”-ыг цааш дэлгэрүүлье. Дээрх сонсгол болохтой зэрэгцээд “нийслэлийн парламент” энэ жилийн төсвөө хоёр дахиа тодотгохоор эхний хэлэлцүүлгээ хийж, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсан. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Энэ удаагийн тодотгол хууль зөрчөөгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Засгийн газрын хэд хэдэн тогтоолын дагуу нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зардлыг шийдэх хүрээнд төсвийг тодотгож байна. Эхний төсөл дээр нэмэгдсэн зүйл гэвэл Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсны дагуу “Туул-1” коллектор”-ын инженерийн байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай учраас МАН-ын бүлэг энэ талаар яриад нэмэлтээр тусгасан юм” гэсэн хариу өгчээ.
Нийслэлийн төсвийг өөрчилж, тодотгох нь энгийн л үзэгдэл болж. Энэхүү үйлдлээ зөвтгөж, түрээ барьж буй Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх, хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй болсон зэрэг шалтгаанаар тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ” гэжээ. Гэтэл хотын дарга нь “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зардал хэрэгтэй байгаа тул төсвөө тодотгоё оо” гээд хэдхэн сарын өмнөх үйл явдлыг давтаад сууж байна. Өвөл хүйтэрч, утаа эхэлдэг, зун хүчтэй бороо удаан орвол үер болдог гэх энгийн логик урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал бус, нийслэлийн ИТХынхны зохион байгуулалтгүй, төлөвлөгөөгүй, зуун задгай, жаран хагархай ажилладгийн илрэл. Ийм хайнга, “даварсан” шийдвэр гаргах шалтгаандаа хууль, өвөлжилт, цэвэрлэх байгууламжийн нэрийг “хавчуулж”, уснаас хуурай гарч буй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтнууд “но”-гоо бусдад нялзаахдаа төгсөрсөн гэхэд үнэнээс хол зөрөхгүй байна.
ШАЛТАГ ХЭЗЭЭ Ч ДУУСАХГҮЙ
Нэг хэсэг “Дайны нөхцөл байдлын улмаас манай улсад шатахууны нийлүүлэлт саатаж, эрчим хүч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө. Нөхцөл байдал хэцүү байна”, “Европоос Монгол руу Оросын нутгаар дамжин ирдэг ачаа тээвэр, хүнс, барилгын материалын нийлүүлэлтэд асуудал үүссэн” зэрэг үгс улс төрчдийн амны уншлага болсон. 2022 онд Орос-Украины дайн албан ёсоор эхэлсэн юм. Эл дайн манай улсын эдийн засагт нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Гэвч 4060 жилийн настай станцын доголдол өнөөдөр гэнэт илрээгүйг санууштай. Тухайлбал, энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл өгөхдөө “Манай улсын шатахууны нөөц хэвийн түвшинд буюу хангалттай хэмжээнд байна. Гэсэн ч дэлхийн геополитикийн хурцадмал байдал, Орос-Украины дайн үргэлжилж буй энэ үед нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй. Манай улсын хувьд хойд хөршийн Засгийн газартай байгуулсан гэрээ хэлцлийн үр дүнд өнөөдрийн байдлаар ОХУ-ын дотооддоо хэрэглэж буй шатахууны зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар АИ-92 автобензинийг хэрэглэж буй” хэмээн “даапаалаад” амжсан.
Олон улсад стратегийн нөөц бүрдүүлэх үндсэн хоёр хандлага бий. Төр шууд нөөц бүрдүүлэхийг улсын нөөц хэмээдэг. Түүнийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах зэрэг үйл ажиллагааны зардалд төсвөөс их хэмжээний санхүүжилт шаарддаг онцлогтой. Хувийн ААН-үүд мөн нөөц бүрдүүлдэг. Үүнийг худалдааны нөөц гэдэг аж. Энэ нь төсвийн зардлыг багасгахад ихээхэн ач холбогдолтойг судлаачид хэлдэг. Улсын нөөцийг онцгой нөхцөл байдал үүсэх, зах зээлд хомсдол бий болох зэрэг нөхцөл байдалд шуурхай ажиллах зорилгоор бүрдүүлдэг бол худалдааны нөөцийг зах зээлийг тогтворжуулах, салбарын тасралтгүй ажиллагааг хангах зэрэгт ашигладаг. Монгол Улсын хэмжээнд буй 114 агуулахын ес нь төрийн өмчийн, долоо нь ААНын дотоодын хэрэгцээний, 98 нь газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагынх байна. Манайх татаас тогтоох, үнэ тогтворжуулах хөтөлбөр санаачлах зэрэг арга хэмжээг олон удаа авч хэрэгжүүлсэн ч гол асуудал нь дотоодын газрын тосны хэрэгцээгээ өөрсдөө хангах тухай байдаг нь нууц биш. Түүнээс бус, хэдэн жилийн өмнө эхэлсэн дайн дажин, дэлхийн геополитик үүнд төдийлөн хамаагүй юм.
Улс төрчдийнхөөр бол шатахууны хомсдол үүссэн нь иргэд бензиний саваа дүүргэснээс, цахилгаан хязгаарласан нь хүмүүсийн хэтийдсэн хэрэглээнээс, эдийн засаг муудсан нь гадаад зах зээлээс, инфляц өссөн нь дайнаас, төсөв тасалдсан нь хөрөнгө оруулагчдаас, улсад бөөн бөөн өр үүссэн нь өмнөх Засгийн газраас шалтгаалсан юм гэнэ. Энэ мэтчилэн нийгэмд үүссэн асуудлын уг шалтгааныг олж, хүлээн зөвшөөрч, шийдэл эрэхийн оронд гаднын аль нэг этгээд, бүлгийг буруутгаж, хийсвэр дайсан үүсгэчхээд, эцэст нь асуудлыг шийдсэн нэг “баатар төрдөг” байж таарахгүй. Адгийн улс төрчид л ийм хулчгар зангийнхаа ард нуугддаг буюу.
Д.Хэрлэн