Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Ардчилсан Монгол Улсын түүхэнд хамгийн удаан буюу таван жил гаруйн турш 32, 33 дахь Ерөнхий сайдаар ажилласан хүн бол Л.Оюун-Эрдэнэ. “14 мега төсөл” гэдэг үгийг түүнийг засагласан он жилүүдэд иргэн бүр л цээжилсэн. Эдгээрээс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажлыг эхлүүлсэн, олон жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг хөдөлгөсөнтэй нь бол маргахгүй. Үүнээс өөрөөр түүнд наалдах гэгээтэй мэдээ, тодотгол үгүй. Авлигатай тэмцэхээ зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн. “Шувуу” ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер, Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан Т.Бадамжунайг сүр дуулиантай баривчилснаас өөр тоймтой ажил хийгээгүй. Нэлээд хэдэн “жараахай” бол барьсан байх. Тэр зуурт нь авлигын индексээр Монгол Улс хэдэн байр ухарч, ардчиллын үзүүлэлтээр “хагас” гэсэн ангилалд багтсан юм. Хэн ч эрх, эрх чөлөөг ингэтэл уруудуулж байсангүй. Гэтэл Ерөнхий сайд нь амаргүй тэмцэл, амаргүй он жилүүд хэмээн ялархаж, араар нь өөрөө авлигын хэрэгт орооцолдсон байж болзошгүйг бэр нь тансаглалаа гайхуулахдаа илчилж орхисон юм.
Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан цаг үеүдэд эдийн засаг цаасан дээр өссөн гэх ч бодит амьдралд иргэдийн амьдрал улам бүр уруудсан билээ. Өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өсөж, өргүй иргэн ховордов. Л.Оюун-Эрдэнэ “вант улс”-аа төсөөлөлдөө байгуулж, тэнд бүх иргэн нь сайн сайхан амьдардаг гэж итгэжээ. Тэр хэзээ ч шууд асуултад хариулдаггүй, хамгийн хаалттай, зөвхөн тавилттай, урьдчилж бэлдсэн нэвтрүүлэгт л оролцдог, вакумжсан Ерөнхий сайд байлаа. Хийсвэр тоонуудад л төвлөрдөг, бодит үнэнийг олж харах нүдгүй байсан гэхэд болно. Харлаа ч шийдэхэд ур чадвар нь хүрэлцэхгүй байсан биз. Үүний оронд монголчуудын “тархийг угаах”-ыг хичээсэн юм. Тэрбээр төрсөн ах “Херо энтертайнмент”- ын найруулагч Б.Баатар болон бусад тойрон хүрээлэгчийнхээ бэлтгэсэн, тавилттай нэвтрүүлгийг үндэсний хэмжээний бараг бүх телевизээр нэгэн зэрэг цацаж, “мэдээллийн хүчирхийлэл” үйлддэг болсон. Үүндээ зориулан парламент, хэвлэл мэдээлэл, гудамжинд хүртэл “тролл арми” бэлдэв. Эл армийн “тархи” нь Б.Баатар, захиалагч нь Л.Оюун-Эрдэнэ байсан гэхэд болно. Мөнгө, эрх мэдлээр тэднийгээ угжиж, УИХ-ыг хүртэл сөрөг хүчингүй болтол “нэгтгэсэн” нь гайхмаар. Ингээд төсөөлснөөс нь зөрсөн, бодит шаардлага тавьсан хүмүүсийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, өөрийг нь шүүмжилсэн УИХ-ын гишүүдийг ч “тролл” армиараа нүдүүлдэг байв. Ерөөс хар пиарт л “төгсөрсөн” Ерөнхий сайд байлаа. Босгосон “вант улс” нь худал, хуурмагаар дүүрэн байсан тул хэр удаан тэсэх вэ, эрүүл сэтгэлгээтэй залуус, иргэдийн эсэргүүцэл, шахалтын үнэнд дийлдэж, эцэстээ нуран унасан юм. Үндэсний аудитын газраас түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд D үнэлгээ өгсөн нь ч нэгийг хэлнэ.
МАН-ын залуучууд улс төрд мерит зарчмаар гэхээс илүү “цүнх баригчийн дамжаа”-гаар шат өгсөн орж ирдэг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бол үүний нэг жишээ. Тэрбээр 2000 оны дунд үеэс МАН-тай амьдралаа холбож, 2010-2014 онд тус намын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан юм. Хожим “хол явах” залуус энэ албан тушаалыг дамждаг “ёс” МАН-д бий. Энэ зууртаа намынхаа нарийн бичгийн дарга, генсекийн үүрэг гүйцэтгэгч хийсээр 2016 онд УИХ-д нэр дэвших болзлоо хангажээ. У.Хүрэлсүхтэй шадарлаж явсан нь саяхан. Харин одоо “өстөн” болсон. Хэнтий аймгаас сонгогдсон нэг ийм “сураггүй” залуу 2018 онд Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Лу.Болд нарын УИХ-н гишүүнтай хамтран “МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх сүржин нэртэй жагсаал эхлүүлж, авлига, буруу булхайтай тэмцэхээ мэдэгдэж байв. Хууль баталж, бодлого боловсруулах эрх мэдэлтэй болсон ч түүнийгээ ашиглахын оронд Сүхбаатарын талбайд жагсаж, “тархи угаах” замыг сонгосон нь энэ. М.Энхболдыг л огцруулчихвал Монгол Улс авлигагүй, асуудалгүй болох мэт ухуулгыг тэд хийсэн. Бас УИХын даргыг “Албан тушаалтай яагаад ингэж үхэн хатан зууралдаад буйг нь ойлгохгүй байна. Үүнийг авч, бас өгч чаддаг байх ёстой” хэмээн ярьж байлаа. Хожим нь энэ үгийг залуус түүнээс өөрөөс нь асуусан юм. Тэмцсэний хариуд ямар ч албан тушаалд очихгүй гэж байснаа жилийн дараа л Засгийн газрын ХЭГ-ын дарга, 2021 онд Ерөнхий сайдаар томилогдсон. Нөгөөдүүл нь ч “шагнал”-аа авсан.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч, МУИС-ийг эрх зүйчээр төгссөн юм билээ. Мөн МУБИС-ийг боловсрол судлал, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистр хамгаалсан хэмээн албан намтарт нь бичжээ. Гэвч үг, яриа, үйлдлээс нь энэ өндөр боловсрол нь харагддаггүй. Тэр ах нарынхаа татаасаар өгссөн, одоо ч “ах”-ынхаа заавраар хөдөлсөөр буй “утсан хүүхэлдэй” хэвээр. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гэсэн бүлэглэл МАН-д үүсэж, талцал нь төрийн хямрал болсон, одоо ч далд үргэлжилсээр буй.
Тэрбээр Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Гэвч хоёр жилийн хугацаанд нэгдсэн чуулганд суусан ирц нь ердөө 27 хувь байна. Гишүүний үндсэн үүргээ тэр огт биелүүлсэнгүй. Гэхдээ түүнийг огцорсны дараа үнэхээр нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн талбар цэлмээд ирсэн нь үнэн. Тэгтэл л хар манан татуулсан хүн байж.