
“World clean uр day in Mongolia-6” хөдөлгөөнийг энэ жил 21 аймагт хэрэгжүүлэхээр болсныг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс өчигдөр мэдээллээ. “Clean uр Mongolia” төслийн баг, “JCI progress” байгууллагатай хамтран хэрэгжүүлэх тус хөдөлгөөнийг жил бүр дэлхийн хэмжээнд 180 гаруй улс зохион байгуулдаг билээ. Бөмбөрцгийн байгаль хамгааллын сайн дурын хамгийн том хөдөлгөөн болох Дэлхийн цэвэрлэгээний өдрийг манай улс ийн зургаа дахь жилдээ байгаль орчны төрийн захиргааны болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийн дэмжлэгтэйгээр ирэх намар үндэсний хэмжээнд зохион байгуулах аж. Энэхүү аяны хүрээнд орчны бохирдлын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг тэлэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухайойлголтыг сайжруулах, хог хаягдлаа зөв ангилан ялгах, байгальд ээлтэй дадал хэвшлийг түгээн дэлгэрүүлэх юм.
Өнөө жилийн хөдөлгөөний талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Н.Булгантамир “World clean up day” нь НҮБ-д бүртгэлтэй, эх дэлхийгээ цэвэрлэх хөдөлгөөн юм. Энэ нь нэг өдрийн цэвэрлэгээ бус, харин хог хаягдлаас урьдчилан сэргийлэх, хариуцлагатай хэрэглээний дадлыг төлөвшүүлэх, дахин ашиглах, боловсруулалтыг дэмжих дэлхийн хэмжээний санаачилга гэдгээрээ онцлогтой. Манай улс уг хөдөлгөөнийг сүүлийн таван жил амжилттай хэрэгжүүлж, Туул голын ай сав газрыг цэвэрлэдэг уламжлалтай байсан бол энэ жилээс аяныг 21 аймагт хэрэгжүүлэхээр болсон. Clean up-ыг дэлхий дахинд есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгууладаг. Бид ч мөн уг хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 19-нөөс эхлэн өрнүүлэхээр төлөвлөөд байна.
М.ГЭГЭЭ