Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд ахмадуудтай уулзаж /2026.09.22/ Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Манай улсад 444 мянга гаруй ахмад настан байна. Энэ тоо 2050 онд 2.2 дахин нэмэгдэж 991 мянгыг давна. Ирээдүйд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурч, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын зардал өсөхөөр байна. Тиймээс Засгийн газар ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн оролцоог хангах зэрэг зургаан зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл бүхэлдээ иргэдийн орлогыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор үндсэн зургаан чиглэлд анхаарсан. Тухайлбал, 2026 оны төсвийн тодотгол батлагдвал ирэх арван нэгдүгээр сарын 01-нээс ахмадуудад суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Хамгийн бага тэтгэвэр 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг сая төгрөг, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмнэ. Дулаан, цахилгааны үнэ нэмэхгүй. Эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөгийн татаас олгоно. Их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нь шийдвэрлэнэ. Улаанбуудай, төмс, хүнсний ногоо, махны нөөц бүрдүүлж, хангамжийг тогтворжуулна.
Харин 2027 оны төсвийн төсөлд 16,000 өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулна. Төрийн банкаар дамжуулан дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө. 100 сургуулийг цахилгаан тасардаггүй, сэргээгдэх эрчим хүчний системд холбож орчин үеийн “Ногоон сургууль” болгон шинэчилнэ. Мөн бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулахаар төлөвлөсөн. Төсөв дагасан есөн шийдвэр хэрэгжсэнээр өрхийн бодит орлого өснө. 15,000 ажлын байр бий болно гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Нийт ахмад настны 57 хувь нь 769,000 төгрөг буюу хамгийн бага тэтгэвэр авдаг. Улсад 20-40 жил ажиллаад 800 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэртэй. Энэ нь эм тариа, өдөр тутмын хоол хүнсэндээ хүрэлцэхгүй, үр хүүхдийнхээ дэмжлэгээр амьдардаг хэмээн ахмадууд асуудлаа ярилаа. Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэй байгааг хэлээд Ерөнхий сайдын есөн шийдвэр, бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.